Украинд нийлүүлсэн, Их Британид үйлдвэрлэсэн дронууд ОХУ-ын нутаг дэвсгэр дэх бай, тэр дундаа цэргийн болон аж үйлдвэрийн объектуудад хийсэн халдлагад ашиглагдсан нь батлагдсантай холбогдуулан ОХУ Их Британийг "Украины дайныг зориудаар хурцатгаж байна" хэмээн буруутгалаа.

ОХУ-аас Их Британид суугаа Элчин сайдын яамнаас "Лондоны үйлдэл нь түүнийг Украины цохилтын “хамсаатан, хамтран оролцогч” болгож байна" гэж мэдэгджээ.

ОХУ-ын тал “Лондоны үйл ажиллагаа зайлшгүй үр дагавартай бөгөөд үүнийхээ төлөө хариуцлага хүлээх болно. Их Британи мөргөлдөөнд оролцох оролцоогоо улам гүнзгийрүүлэх тусам “төлөх үнэ нь өндөр болно” гэж анхааруулсан байна.

Их Британи: Украинийг дэмжих байр суурь өөрчлөгдөөгүй

Их Британийн Батлан хамгаалах яам үүний хариуд Украиныг цаашид ч дэмжих байр суурь хэвээр байх талаар мэдэгджээ. Яамны төлөөлөгч BBC-д өгсөн мэдэгдэлдээ "Их Британи Украинтай “мөр зэрэгцэн” зогсож буй бөгөөд ОХУ-ын түрэмгийллийн эсрэг байр сууриа өөрчлөхгүй" гэж тэмдэглэсэн байна.

Мөн Их Британи Украиныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “хууль бус түрэмгийллээс өөрийгөө хамгаалахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах үүрэг хүлээсэн” гэж мэдэгджээ.

Их Британид үйлдвэрлэсэн дронууд ОХУ-ын доторх байг онилжээ

BBC-ийн мэдээлснээр, дээрх дронуудыг Их Британийн хоёр өөр компани үйлдвэрлэдэг бөгөөд Украин эдгээрийг ашиглан ОХУ-ын нутаг дэвсгэр дэх цэргийн болон аж үйлдвэрийн байгууламжуудад цохилт өгчээ. Тэдгээрийн дотор газрын тос боловсруулах үйлдвэрүүд, агуулахууд багтсан байна.

Мөн Украины тал ОХУ-ын хамгийн том онлайн худалдааны компаниудын нэг болох Wildberries-ийн логистикийн төвүүдийг удаа дараа онилсон. Украин тус компанийн томоохон 10 логистикийн төвийн долоог нь ажиллагаагүй болгосноо мэдэгджээ.

BBC-д ярилцлага өгсөн цэргийн эх сурвалж Их Британийн дронууд эдгээр халдлагад ашиглагдсаныг баталсан байна. Украины ОХУ-ын нутаг дэвсгэр дэх цохилтууд нийтдээ 35 тэрбум фунт стерлингээс давсан эдийн засгийн хохирол учруулсан гэх тооцоо гарчээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мөн "Их Британийн эд анги, тохиргоо бүхий дронууд ОХУ-ын нутаг дэвсгэр, тэр дундаа Ростов мужийн Каменскийн дүүрэг дэх шатахууны агуулахад халдсан" гэж мэдэгдсэн байна.

Дроны дайралт эрчимжиж байна

Москва анхааруулгаа Украин ОХУ-ын нутаг дэвсгэрт хийсэн хэд хэдэн томоохон цохилтын дараа гаргажээ. Даваа гарагт болсон хамгийн сүүлийн халдлагын үеэр есөн хүн амиа алдаж, 23 хүн шархадсан бөгөөд шархадагсдын дунд хүүхэд байсан аж.

Үүнээс өмнө Оросын бүс нутгийн захирагч "Бямба гаргийн шөнө Украин ОХУ руу 822 орчим дрон харвасан" гэж мэдээлжээ. Тэдгээрийн 600 орчим нь Москваг чиглэсэн бөгөөд Оросын нийслэлд сүүлийн жилүүдэд болсон хамгийн томоохон дроны халдлагуудын нэг болсон талаар албаныхан мэдэгдсэн байна.

ОХУ даяар долоон хүн амиа алдсан тухай мэдээлжээ. Харин мөн шөнө Оросын цэргийн хүчний Украинд хийсэн цохилтын улмаас дор хаяж долоон хүн амиа алдаж, 40 орчим хүн шархадсан байна.

Их Британи Украины дроны хүчин чадлыг нэмэгдүүлж байна

Их Британи өнгөрсөн дөрөвдүгээр сард Украинд хэдэн арван мянган дрон нийлүүлэхээ зарласан. Үүнд алсын тусгалтай цохилтын дронууд ч багтсан бөгөөд энэ нь Их Британийн Украиныг дэмжих түүхэн дэх хамгийн том дроны нийлүүлэлт болохыг Батлан хамгаалах яам мэдэгдсэн юм.

Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоогоо 2022 оны хоёрдугаар сард эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар Украины нутаг дэвсгэрийн ойролцоогоор тавны нэгийг хяналтдаа оруулжээ.

Эх сурвалж: BBC