Украин улс Оросын баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах гол зэвсгийн нэг болох АНУ-ын үйлдвэрлэсэн Patriot системийн пуужин таслан зогсоогчийн нөөцийн хувьд хүнд байдалд оржээ. CNN-ийн мэдээлснээр, тус хэвлэл Украины нутаг дэвсгэр дэх Patriot системд анх удаа нэвтэрч, Украины талын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.

CNN-ийн харсан Patriot харвах төхөөрөмжийн 16 хөөргөгч хоолой өмнө нь тогтмол ашиглагдаж байсныг илтгэх шинжтэй байсан ч одоогийн байдлаар хоосон байгаа аж. Украины системийн ахлах инженерийн хэлснээр, Patriot удаан хугацаанд пуужин харвах боломжгүй болсон байна.

Тэрбээр "Баллистик пуужингууд энгийн иргэд болон чухал дэд бүтцийн дээгүүр нисэж байхад тэднийг таслан зогсоох боломжгүй байх нь маш хүнд нөхцөл" хэмээн ярьжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өвөл Оросын эрчимжсэн пуужингийн довтолгоог даван туулахын тулд АНУ-ын Patriot пуужингийн нөөцийн ойролцоогоор 5 хувьтай тэнцэх хэмжээтэй хэрэгцээтэй гэж мэдэгдсэн боловч одоогийн байдлаар үүний ердөө 1 хувь орчимд хүрэх нөөцтэй буйгаа хэлсэн байна.

Дэлхий даяар Patriot-ийн хомсдол үүсжээ

Patriot системийн асуудал зөвхөн Украинд хамаарахгүй болжээ. Ойрхи Дорнодод Ирантай хийсэн дайны үеэр эдгээр пуужинг өргөн хэмжээгээр ашигласнаар дэлхий даяар Patriot-ийн таслан зогсоогч пуужингийн нийлүүлэлтийн хомсдол үүссэн байна.

Мэдээллээр, Ирантай хийсэн дайны эхний дөрвөн хоногт эвслийн хүчнүүд өдөрт дунджаар 225 орчим Patriot таслан зогсоогч пуужин ашиглажээ. Харин үйлдвэрлэгч Lockheed Martin 2025 онд нийт 620 орчим пуужин үйлдвэрлэсэн нь өдөрт дунджаар 1.7 орчмын үйлдвэрлэсэн гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, ашиглалтын хэмжээ үйлдвэрлэлийн хүчин чадлаас асар их давсан байна. Энэ нь АНУ болон холбоотон орнуудын агаарын довтолгооноос хамгаалах системийн нөөцөд дарамт учруулж, Украины нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.

Украин өөрсдөө Patriot үйлдвэрлэхийг хүсэж байна

Patriot missile launchers sitting empty in Ukraine.

Украин Patriot-ийн таслан зогсоогч пуужинг дотооддоо үйлдвэрлэх боломжийг мөн эрэлхийлж буй аж. Зеленский АНУ-ын Raytheon болон Lockheed Martin компанид Украинд ийм үйлдвэр байгуулах санал тавьсан бөгөөд үйлдвэрлэлийн эрх олгогдвол компаниудад тухайн үйлдвэрийн эзэмшил, хяналтыг өгөхөд бэлэн болохоо илэрхийлжээ.

Гэвч АНУ-ын тал одоогийн байдлаар Patriot пуужинг Украинд үйлдвэрлүүлэх эсэх талаар ямар нэгэн эцсийн шийдвэр гаргаагүй, баталгаа өгөөгүй бөгөөд АНУ-ын технологийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж буйгаа мэдэгдсэн байна.

Украины инженерүүдийн хувьд ч энэ нь амархан шийдэх асуудал биш. Patriot систем нь радар, удирдлагын төв, харвах төхөөрөмж болон өндөр нарийвчлалтай таслан зогсоогч пуужингаас бүрдсэн маш нарийн төвөгтэй технологи тул зөвхөн үйлдвэр байгуулах шийдвэр гаргаснаар богино хугацаанд үйлдвэрлэл эхлүүлэх боломжгүй аж.

Украины хувьд яагаад чухал вэ?

Patriot нь Оросын баллистик пуужинг устгах чадвартай цөөн тооны агаарын хамгаалалтын системийн нэг. Тиймээс түүний пуужингийн нөөц шавхагдах нь Украины хувьд стратегийн томоохон эмзэг байдал үүсгэж буй аж.

Ялангуяа Оросын шөнийн довтолгоо эрчимжиж, энгийн иргэдийн хохирол нэмэгдэж буй энэ үед Patriot-ийн таслан зогсоогч пуужингийн хүрэлцээ нь Украины агаарын хамгаалалтын хамгийн чухал асуудлуудын нэг болжээ.

Эх сурвалж: CNN