Тайланд улсад 10 сая гаруй иргэний эзэмшлийн галт зэвсэг эргэлтэд байгаагийн дөрвөн сая орчим нь зөвшөөрөлгүй аж. Сүүлийн өдрүүдэд дараалсан буун дуу гарч, олон хүн амиа алдсан нь тус улсын галт зэвсгийн хяналтын асуудлыг дахин хурцаар хөндөхөд хүргэжээ.
Сургуулийн 14 настай сурагч гал нээж, найман хүний аминд хүрээд амиа егүүтгэснээс ердөө гурав хоногийн дараа тус мужид дахин буун дуу гаргасан хэрэг гарсан байна.
Өдгөө 71 настай, улс төрч асан Чалонг Риуранг орон нутгийн захиргааны байгууллагад очиж, өөрт нь өгөх ёстой гэж үзсэн их хэмжээний мөнгөний талаар захиргааны дарга Тонгчай Йенпрасертэй уулзжээ.
Тэд найз нөхөд байсан ч уулзалт гэнэт хурцдаж, Чалонг гар буугаа гарган, Тонгчайгийн автомашины цонхоор дөрвөн удаа буудсан байна. Тонгчай болон түүний жолооч буудуулж, Тонгчай шархаа даалгүй нас баржээ.
Хэрэг үйлдсэнийхээ дараа Чалонг хэргийн газраас явж, таньдаг сэтгүүлч рүү утасдан болсон явдлыг ярьсан байна. Улмаар цагдаагийнхан түүнийг саатуулж, цагдаагийн хэлтэст авчирсны дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхийг зөвшөөрчээ.
Тэрбээр тайван байдлаар тамхи татан зогсож, “Найзыгаа буудъя гэж бодоогүй” хэмээн тайлбарласан байна. Түүний хэлснээр, жолооч мөн буу гаргасан тул гал нээжээ. Харин цагдаагийнхан автомашинаас хоёр буу олсон ч тэдгээрийг ашиглах боломжгүй байдалтай байсан гэж мэдээлсэн аж.
Тайландад жил бүр 2000-3000 хүн буудуулж амиа алддаг
Энэ нь тухайн өдөр Тайландад гарсан цорын ганц буутай холбоотой үхэл байсангүй. Бангкокийн зүүн хэсэгт орших Прачинбури мужид цагдаагийн түрүүч эхнэртэйгээ маргалдах үеэр түүний толгой руу буудан, дараа нь өөрийгөө бууджээ. Эхнэр нь эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй нас барсан байна.
Тайландын цагдаагийн байгууллага галт зэвсгийн улмаас нас барсан хүмүүсийн нэгдсэн тоог өөрсдөө гаргадаггүй ч сүүлийн жилүүдэд жил бүр 2000-3000 хүн галт зэвсгийн улмаас амиа алддаг гэсэн тооцоо байдаг аж.
Хүн амын тоогоор ойролцоо Их Британид энэ тоо жилд 50-иас бага байдаг байна.
Тайландад бууг дээрэм, захиалгат аллага зэрэг гэмт хэрэгт ашигладаг ч галт зэвсгийн улмаас гардаг олонх нас баралт нь гэр бүлийн маргаан, мөнгө санхүүгийн зөрчил, архидан согтуурсны улмаас үүссэн зодоон маргаантай холбоотой байдаг аж.
10 сая гаруй бууны дөрвөн сая нь зөвшөөрөлгүй
Тайландад иргэдийн эзэмшлийн 10 сая гаруй галт зэвсэг эргэлтэд байгаагаас ойролцоогоор дөрвөн сая нь зөвшөөрөлгүй гэж үздэг байна.
Тайландын Хөгжлийн судалгааны хүрээлэнгийн судлаач Бунвара Сумано тус улсын нийгэмд хүчирхийллийг хүлээн зөвшөөрөх хандлага өндөр байгааг онцолжээ.
Түүний хэлснээр, буу нь зарим хүмүүсийн хувьд нийгмийн байр суурь, хүч чадлын бэлгэдэл болсон бөгөөд энгийн иргэдэд галт зэвсэг олж авах олон боломж байдаг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг байна.
Хууль хатуу мэт боловч цоорхой ихтэй
Өнгөц харахад, Тайландын галт зэвсгийн хууль харьцангуй хатуу. Буу худалдаж авахын өмнө зөвшөөрөл авах, худалдан авсны дараа эзэмших зөвшөөрөл авах шаардлагатай. Харин буугаа гэрээсээ гадуур авч явбал дахин зөвшөөрөл авах ёстой. Гэвч хууль хэрэгжих явцад олон цоорхой байдаг аж.
Тухайлбал, галт зэвсэг эзэмших зөвшөөрөл эзэмшигчийн насан турш хүчинтэй, сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг заавал хийдэггүй, мөн бууг хэрхэн хадгалж байгаад тавих хяналт сул байдаг байна.
Үүний нэг жишээ нь, саяхан сургууль дээр буугаар буудсан хэрэг. 14 настай хүү өвөөгийнхөө хууль ёсоор эзэмшиж байсан буу болон их хэмжээний суманд хүрч чадсан байна.
Цагдаа, төрийн албан хаагчдад хямд үнээр буу худалдах хөтөлбөр
Тайландын төрөөс цагдаа болон бусад албан хаагчдад галт зэвсгийг ихээхэн хөнгөлөлттэй үнээр худалдаж авах боломж олгодог хөтөлбөр хэрэгжүүлж иржээ.
2009 онд эхэлсэн уг хөтөлбөрөөр жил бүр ойролцоогоор 200 мянган буу, голдуу АНУ-аас импортлогдсон зэвсгийг худалдаалдаг байсан байна. Тэдгээрийг таван жилийн дараа дахин худалдах боломжтой болсон нь ашигтай бизнес болон хувирчээ.
Уг хөтөлбөрийг авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар хэд хэдэн удаа шалгаж байсан аж. Энэ сувгаар орж ирсэн зэвсэг болон зөвшөөрөлгүй үйлдвэрлэгчдийн дотоодод үйлдвэрлэсэн буу Тайландын хар зах зээл дэх галт зэвсгийн эх үүсвэрүүдийн нэг болсон гэж үздэг байна.
Ерөнхий сайд бууны хяналтыг чангатгана гэж мэдэгдэв
Сүүлийн үеийн буутай холбоотой хэргийн дараа Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул галт зэвсгийн хяналтыг яаралтай чангатгах арга хэмжээ авахаа мэдэгджээ. Үүнд:
- төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр буу худалдах хөтөлбөрийг түдгэлзүүлэх;
- шинэ буу худалдан авах зөвшөөрөл олголтыг зогсоох;
- буу эзэмших зөвшөөрлийн хүчинтэй хугацааг хязгаарлах;
- зөвшөөрөлгүй буутай иргэдийг зэвсгээ хүлээлгэн өгөхөд дэмжлэг үзүүлэх өршөөлийн хөтөлбөр хэрэгжүүлэх;
- галт зэвсгийн тухай шинэ хууль боловсруулах;
- хууль зөрчигчдөд оногдуулах ялыг чангатгах зэрэг арга хэмжээ багтаж байна.
Гэхдээ Тайланд үүнтэй төстэй арга хэмжээг өмнө нь ч авч байжээ.
Өмнө нь ч шинэ хууль амалсан ч асуудал арилаагүй
2022 онд цэцэрлэгийн хүүхдүүд болон багш нарыг цагдаагийн ажилтан буудан хөнөөсөн хэрэг, 2023 онд Бангкокийн худалдааны төвд 14 настай хүү бусдыг буудсан хэрэг гарсны дараа мөн галт зэвсгийн хяналтыг чангатгах арга хэмжээ авч байжээ.
Буу хөнгөлөлттэй үнээр худалдах хөтөлбөрийг тухайн үед түдгэлзүүлсэн боловч удалгүй дахин сэргээсэн байна. Тиймээс өнөөгийн асуудал нь зөвхөн хууль сул байгаатай холбоотой биш гэж шинжээчид үзэж буй аж.
Галт зэвсгийн хэт их тоо, авлига, хуулийн хэрэгжилтийн сул байдал, бууг хүч чадлын бэлгэдэл гэж үзэх хандлага болон Тайландын олон арван жилийн цэргийн соёл зэрэг олон хүчин зүйл давхар нөлөөлдөг байна.
Тайланд бүс нутагтаа онцгой тохиолдол
Тайландтай харьцуулахад хүн ам нь дөрөв дахин их Индонезид иргэдийн эзэмшлийн ердөө 82 мянга орчим буу байдаг. Малайзад энэ тоо 107 мянга орчим бөгөөд галт зэвсгийн улмаас нас барах тохиолдол харьцангуй ховор аж.
Филиппин улс л Тайландтай адил галт зэвсгийн соёл болон буутай холбоотой гэмт хэргийн түвшин өндөртэй орны нэг гэж үздэг.
Гэсэн хэдий ч Тайландын буу эзэмшигчид шинэ арга хэмжээнүүдээс болгоомжилж байгаа аж. Тэд хууль ёсоор буу эзэмшдэг иргэдийн эрхийг хэт хязгаарлах нь зөв шийдэл биш гэж үзэж буй юм байна.
Өдгөө 70 гаруй буутай нэгэн бизнес эрхлэгч BBC-д ярихдаа ихэнх буугаараа хэзээ ч буудаж үзээгүй, тэдгээрийг бараг л “үнэтэй тоглоом” мэт цуглуулдаг хэмээн хэлжээ.
Харин 40 гаруй буу эзэмшдэг дэлгүүрийн эзэн Тайландад гэмт хэрэг нэмэгдэж, цагдаагийн хамгаалалт хангалтгүй байгаа учраас хүмүүс өөрсдийгөө хамгаалахын тулд буутай байх шаардлагатай гэж үзэж буйгаа хэлсэн байна.
Нэг буу нэг хүний амийг авч, бүх амьдралыг өөрчилжээ
Өдгөө 71 настай Чалонг цагдаагийн хэлтэст очих хүртлээ амьдралдаа ийм нөхцөлд орно гэж огт төсөөлөөгүй бололтой. Тэрбээр сэтгүүлчдэд “Би энд ингэж сууж байгаадаа итгэж чадахгүй байна. Амьдралынхаа туршид би цагдаагийн хэлтэст ирж үзээгүй” хэмээн ярьжээ.
Цагдаагийн мэдээлснээр, Чалонг өмнө нь есөн буу эзэмших зөвшөөрөлтэй байсан ч сүүлийн жилүүдэд нэг болгон бууруулсан байна. Эцэст нь ганцхан буу ч түүний найзын амийг авч, өөрийнх нь амьдралыг орвонгоор нь эргүүлэхэд хангалттай байжээ.
Эх сурвалж: BBC