Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский CNN-д өгсөн ярилцлагадаа Оросын баллистик пуужингийн довтолгоо эрчимжиж буй энэ үед Украинд АНУ-ын "Patriot" системийн сөнөөгч пуужин нэн шаардлагатай байгаа талаар онцолжээ.
Зеленскийн хэлснээр, Украинд одоо АНУ-аас авах шаардлагатай байгаа Patriot-ийн сөнөөгч пуужингийн ердөө 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний нөөц байгаа аж. Тэр "АНУ одоогийн нөөцийнхөө 5 хувийг Украинд нийлүүлвэл өвлийг даван гарч, олон хүний амийг аврах, харин 10 хувийг өгвөл Оросын баллистик пуужингийн довтолгоог бүхэлд нь зогсоох боломжтой" гэжээ.
Зеленский “Энэ жил бид 2025 онтой харьцуулахад хоёр дахин бага сөнөөгч пуужинтай байна. Харин Орос сард өмнөхөөсөө хоёр дахин олон баллистик пуужин ашиглаж байна” хэмээн ярьсан аж.
Түүний мэдээлснээр, Украины хотууд руу Оросын пуужингийн цохилт сүүлийн хэдэн долоо хоногт эрс нэмэгдэж, нийслэл Киев хамгийн ихээр өртөж байгаа аж. НҮБ-ын мэдээллээр, 2026 оны долдугаар сар 2022 оны дөрөвдүгээр сараас хойш Украины энгийн иргэдийн хувьд хамгийн олон хүн амиа алдсан сар болсон байна.
“Надад одоогийн байдлаар ердөө нэг хувь байна”
Зеленский АНУ-аас Patriot системийн сөнөөгч пуужин авахын тулд өдөр бүр холбоотнудтайгаа эрчимтэй хэлэлцээ хийж байгаагаа ярьжээ. Тэрбээр “Хэрэв тэд бидэнд 5 хувийг зарвал бид өвлийг давж, хүний амийг аварна. Хэрэв 10 хувийг зарвал Оросын бүх баллистик пуужинг устгаж чадна. Харин надад одоогийн байдлаар 1 хувь байна” гэж хэлсэн байна.
Украины Ерөнхийлөгч мөн өөрийнх нь өдөр тутмын ажлын ихээхэн хэсэг нь холбоотнуудаас нэмэлт сөнөөгч пуужин авахтай холбоотой болохыг онцолжээ. Түүний хэлснээр, энэ асуудлаар олон саяар тоологдох утасны дуудлага, хэлэлцээ хийж буй бөгөөд зарим тохиролцооны талаар нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байгаа аж.
Patriot үйлдвэрлэх асуудал тодорхойгүй хэвээр
Үүний зэрэгцээ Украин өөрийн нутаг дэвсгэрт Patriot системийн сөнөөгч пуужин үйлдвэрлэх боломжтой болох асуудлаар АНУ-тай ярилцаж байгаа ч одоогийн байдлаар тодорхой шийдвэр гараагүй байгаа аж.
АНУ-ын Цагаан ордны албан тушаалтан CNN-д өгсөн мэдэгдэлдээ "Украины батлан хамгаалах үйлдвэрлэлтэй хамтран ажиллах хэд хэдэн хувилбарыг судалж буй ч хэлэлцээ одоогийн байдлаар эхний шатандаа, ямар нэгэн тодорхой үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг шийдээгүй, баталгаажуулаагүй" гэж мэдэгджээ.
Мөн Цагаан ордон АНУ өөрийн өндөр технологийн зэвсгийн системийг хамгаалах, нэн шаардлагатай зэвсгийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх нь тэргүүлэх зорилт хэвээр байгааг онцолсон байна.
АНУ-ын пуужингийн нөөцөд дэлхийн хэмжээний дарамт үүсээд байна
Patriot-ийн сөнөөгч пуужингийн хомсдол зөвхөн Украинтай холбоотой асуудал биш аж. CNN-ийн мэдээлснээр, АНУ болон Персийн булангийн орнууд Ирантай хийсэн дайны үеэр Ираны пуужин болон нисгэгчгүй төхөөрөмжийн довтолгоог няцаахад их хэмжээний сөнөөгч пуужин ашигласан нь дэлхийн хэмжээнд эдгээр зэвсгийн нөөцөд дарамт үүсгэсэн байна.
Ийм нөхцөлд Украины хувьд асуудал бүр ч хурцдаж, Оросын пуужингийн довтолгооны үеэр зарим хотууд агаараас хамгаалах хангалттай системгүй мэт байдалд орж байгаа талаар CNN мэдээлжээ.
Зеленский: Путин дайныг зогсоохыг хүсэхгүй байна
Ярилцлагын үеэр Зеленский Украины дайныг зогсоох талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн энхийн үйл явцын талаар ч байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр АНУ энхийн төлөвлөгөөнд илүү идэвхтэй оролцох шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлээд, “Путин одоо энэ дайныг зогсоохыг хүсэхгүй байна. Түүнд үзүүлэх дарамт одоогийн байдлаар хангалтгүй байна” гэжээ.
Мөн Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд "эзлэхээр зорьж буй Донбассын үлдсэн нутаг дэвсгэр"-ийг өгөх замаар энх тайван тогтоох санааг Киев хүлээн зөвшөөрөх боломжгүйг дахин илэрхийлсэн байна.
Түүний гол санаа нь зөвхөн газар нутгийн асуудлаар хязгаарлагдахгүй, Украины аюулгүй байдлын баталгаа энхийн хэлэлцээний гол нөхцөл байх ёстой гэсэн байр суурь аж.
НАТО-гийн орнуудын аюулгүй байдалд эрсдэлтэй гэжээ
Зеленский мөн ОХУ-ын цаашдын зорилго Украинаар хязгаарлагдахгүй байж болзошгүй гэж үзэж буйгаа ярьжээ.
Тэрөээр зарим барууны орнуудтай санал нийлж, Путин цаашид НАТО-гийн эв нэгдлийг сорих зорилгоор тус холбооны орнуудын эсрэг мөргөлдөөнийг хурцатгахыг оролдож магадгүй, тэр дундаа Балтийн орнуудын аль нэгэнд халдах эрсдэлтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: CNN