Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтсээс мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд "Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр луу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн.

Уг асуудлыг аймгийн цагдаагийн газраас бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Аливаа асуудлын талаар өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандаж, гэмт хэргийн болон сөрөг үйл явдалд бусдыг турхирч, уриалахгүй байхад онцгой анхаарч, хууль журмыг хэрэгжүүлж, дагаж мөрдөнө үү.

Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд шалгалтын ажиллагааг шуурхай явуулж, тогтоогдсон нөхцөл байдлыг эргэн мэдээлэх болно" гэжээ.