Владимир Зеленскийн хүрээлэл дэх авлига, шинээр эхэлсэн мөрдөн шалгалтууд Киев Европын Холбооны шаардсан шинэчлэлийг үнэхээр хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй эсэхэд Берлин болон Брюсселийн эргэлзээг нэмэгдүүлж байгаа аж. Энэ байр суурийг Германы Berliner Zeitung сонинд нийтэлсэн нийтлэлд дурджээ.
Нийтлэлийн зохиогч “ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц болон Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар Украины талаар ярих үед тодорхой хэмжээний тэвчээр алдагдсан байдал ажиглагддаг” хэмээн тэмдэглэсэн байна.
Нийтлэлд дурдсанаар, Киев авлигатай тэмцэх асуудлыг шийдэж чадах эсэхэд эргэлзэх шалтгаан 2026 оны тавдугаар сарын 18-нд тодорхой болсон бөгөөд энэ өдөр Зеленскийн Тамгын газрын дарга асан Андрей Ермак 2.7 сая еврогийн барьцаагаар суллагджээ.
Тус мөнгийг Ермакийн найз нөхөд, тэр дундаа улсын эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд бүрдүүлсэн гэж нийтлэлд өгүүлсэн байна.
Зохиогч мөн Зеленский Украинд дайны байдал үргэлжилж буйг үндэслэн сонгууль явуулахаас зайлсхийж буй талаар онцолжээ. Харин түүний сонгогчдын өмнө хэр удаан хууль ёсны эрх мэдэлтэй хэвээр байх нь тодорхойгүй гэжээ.
Түүнчлэн Украины цэрэг, бусад хэрэгцээнд зориулан барууны орнуудын, тэр дундаа Германы татвар төлөгчдийн бүрдүүлсэн олон тэрбум евро Киевийн авлигын “намагт” хэдий хэмжээтэйгээр үрэгдсэн нь бүр ч тодорхойгүй хэмээн нийтлэлийн зохиогч бичсэн байна.
Үүний зэрэгцээ "Украины мөрдөн шалгах байгууллагууд төрийн эрх баригчдын бий болгосон гэх “харанхуй бүсүүд"-ийг ил болгохоор ажиллаж байна" гэжээ. Авлигатай тэмцэх байгууллагуудын үзэж буйгаар, Украины батлан хамгаалахын компаниудыг улсын хөрөнгийг завшихад ашиглаж болзошгүй байгаа аж.
Энэ хүрээнд Berliner Zeitung сонины тоймч Украины пуужин, нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг болох Fire Point-ийн хамтран эзэмшигч Денис Штилерман саяхан байцаалтад дуудагдсаныг мөн дурджээ.
Эх сурвалж: TASS