ОХУ-ын эрх баригчид фронт дахь хүний нөөцийн хомсдол нэмэгдэж, хохирол өсөж байгаа хэдий ч Украины дөрвөн мужид бүрэн хяналт тогтоох шаардлагаасаа одоогийн байдлаар ухраагүй байна. Эдгээр бүс нутгийг ОХУ-ын Үндсэн хуульд тусгасан байдаг.
Лондонд төвтэй The Guardian сонин наймдугаар сарын 14-нд "ОХУ-д шинэ албадан дайчилгаа явуулах бэлтгэл эхэлсэн гэх шинж тэмдэг одоогийн байдлаар байхгүй" гэж эх сурвалжуудийн мэдээллээс иш татан уламжилжээ.
Тус сонины мэдээлснээр, Москва хотод энэ асуудлыг хэлэлцэх үйл явцтай танил хоёр эх сурвалжийн хэлснээр, Владимир Путин одоогийн байдлаар шинэ дайчилгаа зарлах бодолгүй байна. Өрнөдийн орнуудын нэрээ нууцалсан өндөр албан тушаалтан мөн адил үнэлгээ өгчээ.
Кремлийн байр суурийг мэдэх The Guardian-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, ОХУ-ын эрх баригчид шинэ дайчилгаа явуулахаас илүүтэй Батлан хамгаалах яамтай сайн дураар гэрээ байгуулан цэргийн албанд элсэгчдийн тоог нэмэгдүүлэхийг илүүд үзэж байна. Ингэснээр албадан цэрэг татлагатай холбоотой улс төрийн эрсдэлээс зайлсхийх боломжтой гэж үзэж байгаа аж.
Цэрэг элсүүлэгчдэд төлөвлөгөө биелүүлэх улам хэцүү болж байна
ОХУ-ын төвийн бүсүүдийн нэгэнд цэргийн алба хаагч элсүүлэх ажил эрхэлдэг байгууллагын ажилтан цэрэг элсүүлэхэд тулгарч буй хүндрэлүүдийн талаар The Guardian сонинд ярьжээ.
Түүний хэлснээр, тус байгууллага сар бүр 20-30 эрэгтэйг дайнд явуулах үүрэгтэй. Тогтоосон хэмжээнээс давуулан хүн элсүүлсэн тохиолдолд ажилтнуудад урамшуулал олгодог байна. Харин шаардлагатай тооны хүнийг элсүүлж чадахгүй бол торгууль ногдуулдаг аж.
Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Өнгөрсөн жил илүү амар байсан. Харин одоо улам хэцүү болж байна” гэж хэлжээ. Түүний мэдээлснээр, байгууллагын дотор шинэ дайчилгаа явуулах магадлалын талаар үнэхээр ярилцаж буй ч одоогийн байдлаар дайчилгаа эхлүүлэх тухай ямар нэгэн албан даалгавар, чиглэл ирээгүй байгаа аж.
Үүнээс өмнө The Financial Times (FT) сонин эх сурвалжаас иш татан, Кремль болон ОХУ-ын Батлан хамгаалах яам бүс нутгийн эрх баригчдад 2026 оны төлөвлөгөөний дагуу гэрээгээр цэргийн алба хаагч элсүүлэхийг үүрэг болгосон талаар мэдээлжээ. Уг төлөвлөгөөнд Зэвсэгт хүчинд 409 мянган хүн элсүүлэх зорилт тусгагдсан аж.
Бүс нутгуудад үзүүлэх дарамт болон албадан элсүүлэлт
FT-ийн мэдээлснээр, сүүлийн саруудад Москвагаас бүс нутгуудад үзүүлэх дарамт нэмэгдсэн байна. Үүнийг эх сурвалжууд Владимир Путин шинэ дайчилгааны кампанит ажил явуулахаас зайлсхийхийг зорьж байгаатай холбон тайлбарлажээ.
Үүний зэрэгцээ ОХУ-ын янз бүрийн бүс нутагт нийгмийн эмзэг бүлгийн эрчүүдийг албадан цэрэгт элсүүлэх тохиолдол нэмэгдсэн байна. Тэднийг гудамжинд явж байх үед зохион байгуулсан шалгалт, баривчилгааны үеэр саатуулж, Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулан, цэргийн алба хаахыг албадаж байгаа аж. Ийм тохиолдол ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт бүртгэгдсэн байна.
The Moscow Times сонины мэдээлснээр, нөхцөл байдал хамгийн хурц байгаа газрын нэг нь Пензагийн муж бөгөөд тэнд оршин суугчид цэрэг элсүүлэгчдийг эсэргүүцэх зорилгоор бүлгүүд байгуулж эхэлжээ.
Мөн Омск, Ульяновск болон ОХУ-ын бусад хэд хэдэн мужид эрчүүдийг албадан цэргийн албанд элсүүлсэн талаар мэдээлсэн байна.
Эх сурвалж: DW