Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-д суух шинэ Элчин сайдыг томилох асуудлаар боловсон хүчний хүндрэлтэй тулгарчээ.

Өмнөх Элчин сайдыг албан тушаалаас нь чөлөөлсний дараа Вашингтонд ажиллах “хамгийн хүнд албан тушаалыг хэн ч хүлээж авахыг хүсэхгүй байна” гэж Украины төрийн өндөр албан тушаал хашиж байсан хоёр эрхэм болон дөрвөн парламентын гишүүн ярьсныг Politico наймдугаар сарын 14-нд мэдээлжээ.

Тус эх сурвалжуудын мэдээлснээр, Зеленский Вашингтонд Киевийг төлөөлөхөд хангалттай улс төрийн нөлөө бүхий хүнийг олоход ихээхэн хүндрэлтэй байгаа аж. Politico "Ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын урьдчилан таамаглахад бэрх засаг захиргаатай харилцах нь Украины хувьд тун чухал үед нэр дэвшигчид энэ хүнд үүргийг хүлээж авахаас болгоомжилж байна" гэж бичсэн байна.

Украины өмнөх Элчин сайд Ольга Стефанишинаг солих шаардлага нь Зеленскийн эхлүүлсэн засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг болсон гэж тус хэвлэл онцолжээ.

Зеленский өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-д суух Элчин сайдад тухайн үеийн Ерөнхий сайд Юлия Свириденког нэр дэвшүүлэх санал тавьж байснаа ил тод хэлсэн байна.

Тэрбээр “Би аль болох өндөр түвшний мэргэшилтэй, Ерөнхий сайдын орлогч, сайд эсвэл Ерөнхий сайдын түвшний хүнийг хайж байсан” хэмээн тайлбарлажээ. Гэвч Свириденко уг саналыг хүлээж аваагүй нь Зеленскийн төлөвлөгөөг зогсоосон байна.

Зеленский Ольга Стефанишинаг Элчин сайдын албан тушаалаас чөлөөлжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ольга Стефанишинаг АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаас чөлөөлсөн тухай зарлигийг наймдугаар сарын 3-нд нийтэлжээ. Тэрбээр Вашингтонд Элчин сайдаар 2025 оны наймдугаар сарын 27-нд томилогдсон бөгөөд нэг жил ч хүрэхгүй хугацаанд ажилласан байна.

Стефанишина хожим өөрөө албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан гэж тайлбарласан. Тэрбээр цахим хуудастаа энэ нь өмнө нь дурдсан хувийн нөхцөл байдалтай холбоотой, өөрийнх нь гаргасан шийдвэр байсан гэж бичжээ.

Стефанишина АНУ-д Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Украины Шадар сайд, Хууль зүйн сайдын албан тушаалыг хашиж байв. Гэвч Financial Times сонинд Украины эх сурвалжуудын мэдээлснээр, түүнийг Элчин сайдын албан тушаалаас чөлөөлөгдөхөд гэр бүлийнх нь Киев дэх үл хөдлөх хөрөнгө худалдан авалттай холбоотой мөрдөн шалгалт нөлөөлсөн байж болзошгүй гэж мэдээлжээ.

Тодруулбал, Украины Hromadske хэвлэл 2025 оны зун Стефанишинагийн ээж 2022 онд Киев хотод орон сууцыг 83.2 мянган ам.доллароор худалдаж авсан талаар мэдээлсэн байна. Тухайн үеийн ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ ойролцоогоор 300 мянган ам.доллар байсан гэж тус хэвлэл мэдээлсэн бөгөөд Стефанишина өөрт нь холбогдох эдгээр мэдээллийг няцаажээ.

Юлия Свириденко мөн Элчин сайдын албан тушаалаас татгалзжээ

Украины Ерөнхий сайдын албыг хашиж байсан Юлия Свириденког огцруулах асуудлыг Украины парламент долдугаар сарын 14-нд баталсан. Үүний дараа "Украинская правда" сонин эх сурвалжуудаас иш татан Свириденко АНУ-д суух Элчин сайдын албан тушаалыг хүлээн авахаас татгалзсан талаар мэдээлжээ. Ингэснээр Зеленский АНУ-д суух шинэ Элчин сайдыг сонгох асуудалтай нүүр тулсан байна.

АНУ дахь Украины Элчин сайдын албан тушаал нь Орос-Украины дайны нөхцөлд Киевийн хувьд стратегийн ач холбогдолтой байр суурь юм. Ялангуяа Вашингтон Украины цэрэг, санхүүгийн дэмжлэг болон Москва-Киевийн харилцаанд чухал нөлөөтэй хэвээр буй энэ үед АНУ дахь дипломат төлөөлөгчөөс улс төрийн өндөр ур чадвар, нөлөө, итгэлцэл шаардагдах юм.

Ийм нөхцөлд Зеленский АНУ-ын шинэ Элчин сайдад улс төрийн хангалттай нөлөө бүхий, өндөр түвшний нэр дэвшигч олохыг зорьж байгаа ч одоогийн байдлаар тохирох хүнийг эцэслэн сонгож чадаагүй байгаа талаар Politico мэдээлжээ.

Эх сурвалж: DW