Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно. Үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс жилдээ 1,5 сая тонн түүхий нефть боловсруулж, бүтээгдэхүүн болгон гарган авах юм.

Өнөөдрийн түвшинд Петрочайна, Петроматад, Доншин газрын тос гэсэн гурван компанитай байгуулсан БХГ-ны дагуу дөрвөн талбайд олборлолт хийгдэж буй юм байна. 

Эдгээр талбайгаас жилд 400 гаруй мянган тонн түүхий нефтийг олборлож байна. Иймээс ч шатахуунаа дотооддоо үйлдвэрлэхийн тулд Монгол улс газрын тосны олборлолтын хэмжээгээ дахин 1,1 сая тонн-оор нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт 10, Нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээт 7, Газрын тосны боловсруулах үйлдвэрийн 1 буюу нийт 18 талбайд хайгуулын үйл ажиллагаа эрхэлж буй аж. 

Гэвч өндөр эрсдэл гарган хайгуул, судалгааны ажил гүйцэтгэж буй гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, эсэргүүцэх, шантаажлах асуудлаас үүдэн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан 18 гэрээлэгчийн 6 гэрээлэгч хайгуулын ажлыг хийж чадахгүй, хэзээ дуусах нь тодорхойгүй эсэргүүцэлтэй тулгарч буй юм байна.