Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багаас бага насны хүүхэд алга болоод (2026.08.01) 14 хонож байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын мэргэжлийн анги, ар гэрийн нийт 77 хүн, 8 автомашин, 3 мотоцикл, 1 дрон, 1 эрэлч нохойтойгоор 10 настайг А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй.

Цагдаагийн байгууллагаас "Эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа хэн нэгнээс тодорхой бус мэдээлэл авах, түүнийгээ нягтлахгүй олон нийтэд түгээж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, олон нийтэд буруу худал ташаа мэдээлэлд итгэж, чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд нөлөөлж, буруутгах газар дээр нь очиж шууд дамжуулалт хийж, мэдээлэл өгөхийг шаардах зэрэг асуудлууд гарч байна" гэв.

Одоогийн байдлаар тус асуудалтай холбоотой нэг иргэнийг цагдан хориод байгаа аж. Иймд ноцтой асуудалд хүлээцтэй хандаж, аливаа сөрөг эрсдэл үүсгэхгүй байхыг цагдаагийн  байгууллагаас хүслээ.

Мөн эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой үнэн бодит мэдээллийг хуульд нийцүүлэн мэдээлэхээ мэдэгдлээ.