Боловсролын зээлийн сангаас гадаадад зээлээр суралцсан иргэдийн гэрээний хэрэгжилт, авлагын байдлыг нягтлан шалгах, мэдээллийн санг нэгтгэх, мөн зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэв.
Тус ажлын хүрээнд гадаадад зээлээр суралцсан нийт 1255 зээлдэгчтэй холбоотой 70.6 сая ам.долларын авлагыг нарийвчлан судалж, гэрээний хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай гэж ажлын хэсэг тогтоосон байна. Ингэснээр дээрх 1255 зээлдэгчийн гэрээний хэрэгжилтийг албан ёсоор үнэлэх ажил эхэлжээ.
Эргэн төлөлт нэмэгдэж байна
Боловсролын зээлийн сангаас мэдээлснээр, зээлийн эргэн төлөлтийн хэмжээ жил бүр өсөж байгаа аж. Тодруулбал:
2023 онд 11.6 тэрбум төгрөг
2024 онд 14.5 тэрбум төгрөг
2025 онд 17.9 тэрбум төгрөгийн эргэн төлөлт тус тус төвлөрчээ.
Энэ оны тавдугаар сарын 6-ны байдлаар 5.1 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна.
Тэтгэлэг, зээл олголт ба цахимжуулалт
Өнгөрсөн онд тус сангаас нийт 17.802 суралцагчид 108.2 тэрбум төгрөгийн тэтгэлэг, буцалтгүй тусламж болон зээл олгосон байна.
Мөн “E-Geree” цахим системийг нэвтрүүлснээр дотоодын 28 мянга гаруй, гадаадын 2000 орчим суралцагчийн гэрээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа ажээ.