Оросын Зэвсэгт хүчин наймдугаар сарын 13-ны орой Украины Донецк мужийн Краматорск хот болон ойролцоох Беленькое сууринд дараалсан цохилт өгчээ. Тус мужийн цэргийн захиргааны дарга Вадим Филашкин "Урьдчилсан мэдээллээр, нэг хүн амиа алдаж, 15 хүн шархадсан" гэж Telegram хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Түүний мэдээлснээр, орон нутгийн цагаар 20:30-20:56 цагийн хооронд Краматорск болон Беленькое сууринд нийт найман удаагийн цохилт өгсөн байна. Урьдчилсан мэдээллээр, Оросын тал эдгээр халдлагад агаарын бөмбөг ашиглажээ.

Филашкин "Краматорск хотод орон сууцны бүсэд цохилт бүртгэгдэж, олон давхар орон сууцны барилга гэмтсэн. Бусад эвдрэл, сүйрлийн талаарх мэдээллийг тодруулж байна" гэж мэдээлсэн байна.

Украины УНИАН агентлаг хэргийн газраас авсан дүрс бичлэгийг нийтэлжээ. Бичлэгээс үзэхэд, есөн давхар орон сууцны барилгын хэсэг нурж, гал гарсан байна. Мөн нурангин дор хүмүүс үлдсэн байж болзошгүй гэж тус агентлаг мэдээлжээ.

Краматорск хотын халдлагууд

Украины фронтын бүсийн ойролцоох Краматорск хот Оросын агаарын цохилтод байнга өртдөг. Тухайлбал, долдугаар сарын 31-ний өглөө Оросын Зэвсэгт хүчин тус хотод дөрвөн агаарын бөмбөг хаяж, нэг хүн амиа алдан, 11 хүн шархадсан байна. Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, гал түймэрт өртсөн талбай нийт 685 ам метр хүрчээ.

Оросын тал өмнөх өдөр нь тус хотод ФАБ төрлийн таван бөмбөг хаясны нэг нь олон давхар орон сууцны барилгад тусаж, гал гарсан байна. Тухайн үед зургаан хүн шархаджээ.

Мөн долдугаар сарын 20-нд шилжих шөнө Оросын Зэвсэгт хүчин Краматорскийн орон сууцны хорооллуудад зургаан удаа цохилт өгч, нэг хүний аминд хүрэн, хэд хэдэн хүнийг шархдуулсан байна.

Эх сурвалж: DW