Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Украинд Оросын халдлага эрчимжиж буй энэ үед Patriot агаарын довтолгооноос хамгаалах системд ашигладаг пуужин-саатуулагч үнэхээр дутагдаж байна" гэж мэдэгджээ.
Тэрбээр наймдугаар сарын 13-ны пүрэв гарагт CNN телевизэд ярилцлага өгөхдөө "Хэрэв АНУ өөрийн пуужингийн нөөцийн 5 хувийг Украинд худалдвал энэ нь ирэх өвлийг давах, олон хүний амь насыг аврахад хангалттай" гэж хэлсэн байна.
Зеленский “Хэрэв тэд бидэнд 10 хувийг нь зарж чадвал бид Оросын бүх баллистик пуужинг устгана. Харин надад одоогийн байдлаар 1 хувь нь л байна” гэж нэмж хэлжээ. Тэрбээр өөрт нь шаардлагатай хэмжээний Patriot пуужинг авахад хэдхэн сар үлдсэнийг онцолсон байна.
Украины удирдагч “Би бүр хуваалцаж ч чадахгүй зүйлсийг хийж байна. Энэ нь хууль зөрчиж байна гэсэн үг биш. Гэхдээ би энэ талаар ярьж болохгүй” хэмээн хэлжээ.
Зеленский мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд Patriot системийн пуужинг өөрсдөө үйлдвэрлэхийг зөвшөөрнө гэж амалсан боловч энэ амлалт яг хэрхэн хэрэгжих талаар одоог хүртэл эргэлзээтэй байгааг онцолжээ.
Тэр “Энэ бол миний хувьд маш том сорилт. Дайн эхэлснээс хойш тулгарсан хамгийн том сорилтуудын нэг” гэж хэлсэн байна.
Украинд 2025 онтой харьцуулахад пуужин-саатуулагч 2.5 дахин бага байна
Зеленскийн хэлснээр, Украинд энэ жил 2025 онтой харьцуулахад пуужин-саатуулагч 2.5 дахин бага байгаа аж. Үүний зэрэгцээ тэр "Оросуудын сард харвадаг баллистик пуужингийн тоо өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн" гэж мэдэгджээ.
Сүүлийн саруудад Оросын Зэвсэгт хүчин Украинд хийх халдлагаа эрчимжүүлж, долоо хоногт дор хаяж нэг удаа Киев рүү өргөн хүрээг хамарсан пуужингийн цохилт өгч байгаа аж.
Саяхны нэг халдлагын дараа Киевийн эрх баригчид шаардлагатай агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл дутагдсаны улмаас Оросын харвасан 28 баллистик пуужингийн нэгийг нь ч Украины Зэвсэгт хүчин сөнөөж чадаагүй талаар мэдэгдсэн байна.
Украин улс дайн эхэлснээс хойш Patriot системийн пуужин-саатуулагчийн хурц дутагдалтай байгаагаа удаа дараа мэдэгдсээр ирсэн. Үүний зэрэгцээ АНУ Ираны эсрэг дайнд оролцсоны дараа Трамп наймдугаар сарын эхээр “АНУ-д ч Patriot системийн пуужин хэрэгтэй” гэж мэдэгдсэн билээ.
Украины Зэвсэгт хүчин сөнөөсөн баллистик пуужингийн талаарх мэдээллээ нийтлэхээ зогсооно
Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчин наймдугаар сарын 12-нд сөнөөсөн баллистик пуужингийн талаарх өдөр тутмын дэлгэрэнгүй мэдээллээ нийтлэхээ зогсоохоо мэдээлсэн байна.
Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Игнатын хэлснээр, Украин илэрсэн бүх агаарын байны талаар бодит цагийн горимоор сэрэмжлүүлсээр байх боловч баллистик пуужингийн талаарх мэдээллийг цаашид зөвхөн “нэгтгэсэн байдлаар” өгөх ажээ.
Эх сурвалж: DW