Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг хахууль авах, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдуулан хууль сахиулах байгууллагаас шалгаж буй.
Түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цагдан хорьж, долдугаар сарын 22-нд шүүхээс цагдан хорих хугацааг нь 30 хоногоор сунгасан билээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, энэ сарын 7-ны өдөр Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхээс Т.Даваадалайд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлан суллах шийдвэр гаргажээ.
6.6 тэрбум төгрөгтэй холбоотой мөнгө угаасан байж болзошгүй гэж шалгаж байна
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сард Т.Даваадалай нийт 6.6 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдийн дансаар дамжуулан шилжүүлэн авч, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдээлсэн. Тодруулбал, шалгалтын хүрээнд:
- “Туулын хурдны зам”, “1-р тойрог зам” төслүүдэд шалгарсан аж ахуйн нэгжүүдээс Т.Даваадалайн эхнэр болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанийн дансанд 5.6 тэрбум төгрөг шилжүүлсэн,
- мөн эхнэрийнх нь найзын үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансанд 709 сая төгрөг шилжүүлсэн;
- Эхнэрийнх нь 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр баримт бүрдүүлэн мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн билээ.