Германы Бундесверийн Ерөнхий байцаагч Карстен Бройер "Орос улс “эрлийз дайнаа” өргөжүүлж, Европт засгийн газрууд болон төрийн байгууллагуудыг тогтворгүйжүүлэх зорилготой үйл ажиллагааг улам бүр нэмэгдүүлж байна" гэж хэлжээ. Тэрбээр энэ талаар наймдугаар сарын 11-ний мягмар гарагт The Wall Street Journal сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Орос улс Европын орнуудын агаарын довтолгооноос хамгаалах системийг шалгаж, тэдгээрийн сул талыг илрүүлэхийн тулд нисгэгчгүй төхөөрөмжүүдийг системтэйгээр ашиглаж байгаа аж. Бройер мөн “НАТО-гийн орнуудад эрлийз халдлага өдөр бүр гарч байна. Ялангуяа тус эвслийн зүүн жигүүрийн орнуудад ийм ажиллагаа эрчимтэй явагдаж байна" гэж онцолжээ.

Өмнө нь Бройер DW-д ярилцлага өгөхдөө бусад орны зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай дүйцэх албан тушаал хашдаг хүний хувьд "Орос НАТО-гийн орнууд руу өргөн хүрээний довтолгоо хийх боломж 2029 оноос эхэлж болзошгүй" гэж мэдэгдэж байв.

Бройер НАТО-гийн Цэргийн хорооны дараагийн даргад нэр дэвшжээ

The Wall Street Journal-ийн мэдээлснээр, Бройер есдүгээр сард сонгогдох НАТО-гийн Цэргийн хорооны дараагийн даргын албан тушаалд хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчдийн нэг аж. Тус хорооны дарга НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын цэргийн асуудлаарх гол зөвлөх юм.

2025 оны арванхоёрдугаар сард НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте "Орос улс ойрын таван жилийн хугацаанд эвслийн эсрэг цэргийн хүч хэрэглэхэд бэлэн болно" гэж мэдэгдэж байв.

Бройер ярилцлагадаа мөн "АНУ Хятадыг стратегийн гол өрсөлдөгчөө гэж үздэг бол Европын орнуудын хувьд “газарзүйн шалтгаанаар” Орос улс гол өрсөлдөгч хэвээр байна" гэжээ.

Бундесверийн Ерөнхий байцаагч "Германы газарзүйн байрлал болон эдийн засгийн хэмжээг харгалзан үзвэл тус улс манлайлах үүрэг хүлээж, Скандинавын орнууд, Балтын орнууд болон НАТО-гийн зүүн хилтэй залгаа бусад улсуудыг холбосон “стратегийн холбоос” болохыг зорьж байна" гэж мэдэгдсэн аж.

Эх сурвалж: DW