Орос, Украины дайн тав дахь жилдээ үргэлжилж байгаа энэ үед “Аль тал нь ялж байна вэ?” гэсэн асуултад хариулахад улам бүр төвөгтэй болж байна. Учир нь, фронтын нөхцөл байдал нэг талын шийдвэрлэх ялалтыг харуулахгүй байгаатай холбоотой.

Орос газар нутгийн тодорхой давуу байр суурьтай хэвээр байгаа ч Украины эсэргүүцэл, дроны дайн, алсын тусгалын цохилтын чадавх нэмэгдсэнээр Москвагийн давшилт өмнөхөөсөө удааширсан дүр зураг ажиглагдаж буй аж.

Тиймээс өнөөгийн нөхцөлд “Орос илт ялж байна” эсвэл “Украин давуу болчихлоо” гэж шууд дүгнэхээс илүү хоёр талын давуу болон сул талыг тус тусад нь авч үзэх нь зөв юм.

Газар нутгийн хувьд Орос давуу хэвээр

Дайны хамгийн тодорхой үзүүлэлт болох газар нутгийн хяналтаар Орос одоо ч давуу талтай. Оросын цэрэг Украины газар нутгийн тодорхой хэсгийг эзэлсэн хэвээр бөгөөд Донецк, Запорожье зэрэг фронтын чиглэлд ахиц гаргахыг зорьж байна.

Гэхдээ энд нэг чухал өөрчлөлт гарчээ. Оросын цэрүүд давшиж байгаа ч хурд нь шийдвэрлэх хэмжээний биш байгаа аж. Дайны эхний жилүүдэд асар том газар нутгийг богино хугацаанд эзлэхийг оролдож байсан бол одоо жижиг хэмжээний, удаан үргэлжилсэн байлдааны ажиллагаагаар багахан ахиц гаргаж буй аж.

Война России против Украины: хроника 2 сентября 2025 года - Центр  журналистских расследований

Дайн судлалын хүрээлэн (ISW)-гийн наймдугаар сарын эхний өдрүүдийн үнэлгээгээр Оросын цэрэг 2026 оны эхнээс тодорхой хэмжээний газар нутаг эзэлсэн боловч өмнөх үеийнхтэй харьцуулахад ахиц нь хязгаарлагдмал буй юм байна.

Өөрөөр хэлбэл, газар нутгийн хувьд Орос давуу ч энэ давуу тал нь хурдан ялалтад хүргэх хэмжээнд хүрээгүй байгаа аж.

Оросын гол давуу тал: хүн хүч, үйлдвэрлэл, нөөц

Оросын хамгийн том давуу тал бол дайныг удаан хугацаанд үргэлжлүүлэх боломж юм. Украинтай харьцуулахад, Орос хүн ам, эдийн засгийн хэмжээ, цэргийн үйлдвэрлэлийн хүчин чадлаараа илүү том. Энэ нь их хэмжээний сум, пуужин, дрон, хуягт техник үйлдвэрлэх, фронтод шинэ цэрэг илгээх боломжийг нэмэгдүүлдэг.

Гэхдээ энэ давуу тал асар өндөр өртөгтэй байгаа аж. АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төв (CSIS)-ийн тооцоогоор, Оросын цэргийн нийт хохирол дайны эхнээс хойш маш өндөр түвшинд хүрсэн бөгөөд газар нутгийн ололттой харьцуулахад хүний болон материалын үнэ асар их буй юм байна.

Иймээс шинжээчид "Оросын стратеги “хүн хүч, үйлдвэрлэлийн давуу талаа ашиглан дайныг удаан үргэлжлүүлж, Украиныг элээх” буюу удаан хугацаанд цэргийн хүч, эдийн засаг, хүн хүчийг нь шавхаж, тэсвэрийг нь барах стратеги гэсэн хэлбэрт улам бүр ойртож байна" гэж үзэж буй аж.

Украины гол давуу тал: дрон ба технологи

Украины талд сүүлийн жилүүдэд нэг том өөрчлөлт гарсан нь дроны технологийг асар өргөн хүрээнд ашиглаж эхэлсэн явдал. Украин жижиг оврын нисгэгчгүй төхөөрөмжөөс эхлээд алсын тусгалын дрон хүртэл ашиглан фронтын цаадах Оросын цэргийн агуулах, шатахууны байгууламж, нисэх онгоцны буудал, нефтийн дэд бүтцэд цохилт өгөх ажиллагаагаа нэмэгдүүлж буй.

ISW "Наймдугаар сарын 10-нд ч Украины хүчнийхэн Оросын газрын тосны болон цэргийн байгууламжуудын эсрэг алсын тусгалын цохилтын кампанит ажлаа үргэлжлүүлсэн" гэж мэдээлжээ. Энэ нь Украины хувьд чухал давуу тал. Учир нь, харьцангуй хямд өртөгтэй дроноор өндөр үнэ бүхий цэргийн болон эрчим хүчний байгууламжийг онилох боломжтой болж буй аж.

ISW-ийн өмнөх үнэлгээнүүдэд ч Украины цэрэг дроны хэрэглээний зарим чиглэлд Оросоос давуу байдал олж авсан нь фронтын нөхцөлд нөлөөлж буй талаар дурдсан байдаг.

Два года войны в Украине: победы, ошибки и уроки, которые извлек Запад - LRT

Гэхдээ Украины хамгийн том асуудал нь хүн хүч

Украин технологийн хувьд олон шинэ арга нэвтрүүлж буй ч дайны хамгийн хүнд асуудлуудын нэг болох хүн хүчний хомсдол хэвээр байгаа ажээ.

Оросын хүн амын хэмжээ Украиныхаас хавьгүй их учраас Москва илүү олон цэрэг дайчилж, хохирлоо нөхөх боломжтой. Харин Украины хувьд хэдэн жил үргэлжилсэн дайны дараа фронтын цэргүүдийн ядаргаа, шинэ цэрэг бэлтгэх шаардлага, хүн амын хомсдол зэрэг асуудал улам чухал болж байна.

Иймд Украины хувьд технологийн давуу тал нь хүн хүчний сул талыг нөхөх гол хэрэгсэл болж буй аж.

Оросын давшилт удааширсан ч аюул хэвээр

Энд бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Оросын давшилт удааширсан нь Украин стратегийн ялалт байгуулсан гэсэн үг биш. Орос одоо ч их хэмжээний цэрэг, пуужин, дрон ашиглах чадвартай бөгөөд Украины эрчим хүч, хот суурин, дэд бүтцэд цохилт өгөх боломжтой хэвээр байна.

Обстановка в зоне СВО на Украине с 9 по 15 февраля 2026 года – события и итоги » FederalCity.ru

Наймдугаар сарын эхээр ISW Оросын тал Киев хотын эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн томоохон цохилтын кампанит ажил төлөвлөж байгаа талаар мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, Украины фронтын хамгаалалт сайжирсан ч Оросын цэргийн болон пуужингийн дарамт арилаагүй.

Гадаадын дэмжлэг Украины хувьд амин чухал

Украин энэ дайнд зөвхөн өөрийн нөөцөөр тулалдаагүй. Европын орнууд болон НАТО-гийн гишүүн орнуудын цэрэг, санхүү, зэвсгийн дэмжлэг Украины батлан хамгаалалтын гол тулгуур хэвээр байна.

2026 онд НАТО-гийн холбоотнууд Украинд нийт 70 тэрбум еврогийн хэмжээний цэргийн тоног төхөөрөмж, тусламж, сургалтын дэмжлэг үзүүлэхээр амалсан.

Европын холбоо ч Украины 2026-2027 оны хэрэгцээнд зориулан томоохон санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дотор цэргийн зориулалтын олон арван тэрбум ам.долларын санхүүжилт багтаж буй.

Энэ нь Украиныг дайныг үргэлжлүүлэн тэсвэрлэх боломжтой болгож байгаа ч нөгөө талаас гадаадын тусламжийн хэмжээ, хугацаа нь Украины цэргийн чадавхад шууд нөлөөлөх эмзэг хүчин зүйл хэвээр байна.

Оросын эдийн засаг нурсангүй

Украины талын бас нэг том зорилго бол Оросын дайны эдийн засгийг сулруулах явдал. Гэсэн ч өрнөдийн хориг арга хэмжээ Оросын эдийн засагт дарамт үзүүлсэн боловч Москвагийн дайны үйлдвэрлэлийг бүрэн зогсоож чадсангүй.

Оросын эдийн засаг улам бүр дайны үйлдвэрлэлд төвлөрсөн бүтэцтэй болж, цэргийн үйлдвэрлэлээ өндөр түвшинд хадгалсаар байна. Энэ нь Оросын хувьд урт хугацааны дайнд давуу тал болж болох юм.

Гэхдээ хүний хохирол, цэргийн үйлдвэрлэлийн асар өндөр зардал, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт нь Москвагийн хувьд мөн томоохон үнэ цэнтэй.

Яг одоо хэн нь давуу байна вэ?

Одоогийн байдлыг нэг өгүүлбэрээр дүгнэвэл, Орос газар нутаг, хүн хүч, цэргийн үйлдвэрлэлийн хэмжээгээр давуу хэвээр байгаа бол Украин дрон, технологи, хамгаалалтын тактик болон алсын тусгалын цохилтын чадавхаараа Оросын давуу талыг сааруулж байна.

Иймд Орос тактикийн болон материаллаг давуу талтай боловч стратегийн шийдвэрлэх ялалтад хүрээгүй гэж хэлэх нь илүү бодитой.

Украины хувьд дайнд ялсан гэж хэлэхэд эрт боловч Оросын цэргийн давшилтыг зогсоож, дайныг Москвагийн хүссэн богино хугацааны ялалтаар дуусгуулахгүй байж чадсан нь өөрөө чухал амжилт юм.

CSIS-ийн шинжилгээгээр, Оросын газар нутгийн ололттой харьцуулахад цэргийн хохирол асар өндөр байгаа нь Москвагийн хувьд дайныг үргэлжлүүлэх зардал нэмэгдэж байгааг харуулж байна.

Дайны хувь заяаг юу шийдэх вэ?

Цаашдын нөхцөл байдлыг таван гол хүчин зүйл шийдэх магадлалтай аж. Нэгдүгээрт, хүн хүч. Аль тал шинэ цэргүүдээ илүү тогтвортой нөхөж чадах вэ гэдэг маш чухал. Хоёрдугаарт, дрон ба пуужингийн үйлдвэрлэл. Орчин үеийн дайнд хямд дрон асар өндөр үнэ бүхий техник, дэд бүтцэд заналхийлж байгаа тул үйлдвэрлэлийн хурд стратегийн хүчин зүйл болж байна.

УП: В Сухопутные войска переводят 50 тысяч военных из разных родов войск  для ротации

Гуравдугаарт, агаарын хамгаалалт. Оросын пуужин, дроны цохилтоос хот, үйлдвэр, эрчим хүчний системээ хамгаалах нь Украины хувьд нэн чухал. Дөрөвдүгээрт, барууны дэмжлэг. Европын орнууд Украиныг урт хугацаанд зэвсэг, санхүүгээр хэр хэмжээнд дэмжих нь фронтын тэнцвэрт шууд нөлөөлнө.

Тавдугаарт, эдийн засгийн тэсвэр. Аль тал дайны өндөр зардлыг удаан хугацаанд даах чадвартай байх вэ гэдэг эцсийн үр дүнд ихээхэн нөлөөлөх юм.

Дайн цаашид хэдий хэр удаан үргэлжлэх, аль тал илүү их хохирлыг даах чадвартай байх, мөн цэрэг зэвсгийн технологийн хувьсал ямар түвшинд хүрэхээс эцсийн үр дүн ихээхэн хамаарах юм.

Эх сурвалж: ISW, REUTERS, RUSSIA MATTERS, CFR