ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тавдугаар сарын 8-ны баасан гарагт "Ерөнхийлөгч Владимир Путин бүх талтай, тэр дундаа Европын Холбоотой (ЕХ) хэлэлцээ хийхэд бэлэн боловч Москва өөрөө ийм харилцааг санаачлахгүй" гэж мэдэгджээ.

Тэрбээр энэ тухай Financial Times сонины Европын Холбооны төлөөлөгчид Путинтэй боломжит хэлэлцээ хийх бэлтгэл хийж байгаа тухай мэдээллийг тайлбарлах үеэр хэлсэн байна.

Песков сэтгүүлчдэд “Европын тал хэр зэрэг яриа хэлэлцээнд бэлэн байна, тэр хэмжээгээр бид ч мөн урагшлахад бэлэн байна. Гэхдээ Путин өмнө нь хэдэнтээ хэлж байсанчлан Европын талын баримталж буй байр суурийн дараа ийм харилцааг бид өөрсдөө санаачлахгүй” гэж хэлжээ.

Тэрбээр мөн Орос–Европын харилцаа “тэг түвшинд хүртэл доройтох” үйл явцыг Москва бус, харин “Брюссель болон зарим Европын нийслэлүүд” эхлүүлсэн гэж онцолсон байна.

Европын холбоо хэлэлцээ хийхээр бэлтгэж байна

Европын холбооны удирдагчид Оростой боломжит хэлэлцээ хийхэд бэлтгэж байгаа талаар өмнөх өдөр нь Financial Times мэдээлжээ. Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта 27 гишүүн орны удирдагчидтай “Оростой уулзах үед бид юуг, хэрхэн хэлэлцэх вэ” гэдгээ ярилцаж буй талаараа хэлжээ.

Түүний хэлснээр, Путинтэй хэлэлцээ хийх “боломж байгаа” ч Орос улс одоогоор “ноцтой, үр дүнтэй яриа хэлэлцээнд бэлэн байгаа шинж тэмдэг” харуулаагүй байна. Мөн "ЕХ АНУ-ын зуучлалаар явагдаж буй хэлэлцээнд саад болохгүй" гэж онцолжээ.

АНУ зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тавдугаар сарын 8-нд Италид хийсэн айлчлалынхаа үеэр "АНУ Орос, Украины хооронд энхийн хэлэлцээ байгуулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн хэвээр байна" гэж мэдэгдсэн байна.

Тэр "The Guardian" сонинд “Бид өмнө нь зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг оролдсон ч тодорхой шалтгааны улмаас гойд үр дүнд хүрээгүй. Гэсэн ч хэрэв энэ удаа үр дүн гарах боломж байвал бид дахин оролцоход бэлэн” гэж хэлжээ.

Гэсэн хэдий ч тэрбээр Вашингтон 'урагш хөдөлдөггүй, үр дүнгүй үйл явцад цаг үрэх сонирхолгүй'-г онцолж, хэрэв бодит ахиц гарах боломж байвал АНУ зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн болохоо дахин нотолсон байна.

Эх сурвалж: DW