Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа ажээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва COP17 бага хурлын талбайд ажиллаж, нийслэлээс зарласан ажлын гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын явцтай танилцав.

СОР17 бага хурал нь Цэнхэр болон Ногоон гэсэн хоёр үндсэн бүсэд зохион байгуулагдана
Цэнхэр бүсийн хувьд дэлхийн 197 орны төлөөлөгчид болон Монгол Улсын Засгийн газар дэлхий нийтэд тулгамдаад буй цөлжилт болон газрын доройтол, гангын асуудлаар хуралдаж, улс хоорондын, бүс хоорондын олон талт хэлэлцээ хийх юм.

Ногоон бүсэд болох арга хэмжээнүүдэд иргэд нээлттэй оролцох боломжтой бөгөөд аж ахуй эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах, гаднын төсөл хөтөлбөрүүдээс хөрөнгө оруулалт татах, хамтарч ажиллах боломж бүрдэх юм байна.



