Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо Олон улсын газар зүйн 22 дугаар олимпиад /IGEO2026/ эхэллээ. Тус олимпиад энэ сарын 11-нээс 17-нд үргэлжлэх бөгөөд дэлхийн 50 орны 180 гаруй сурагч оролцож байгаа ажээ.
Боловсролын ерөнхий газраас мэдээлснээр, Монгол Улсаас Шинэ-Эрин сургуулийн сурагч Н.Нараа, Гёте сургуулийн сурагч А.Амина, Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Намуухан, Хобби сургуулийн сурагч Т.Мичид нар оролцож буй юм байна.
Олимпиадын хүрээнд оролцогчид бичгийн шалгалт, мультимедиа сорил, хээрийн дадлага ажил гэсэн үндсэн гурван төрлөөр мэдлэг, ур чадвараа сорих аж.
Сурагчид газарзүйн мэдлэгээ ашиглан бодит орон зайн асуудлыг шинжлэх, газар зүйн мэдээллийг тайлбарлах, нотолгоонд тулгуурлан дүгнэлт хийх, асуудлыг шийдвэрлэх арга зам боловсруулах чадвараараа өрсөлдөх нь.
Монгол Улсын багийг МУИС-ийн Газар зүйн тэнхимийн багш Ц.Цэндсүрэн, О.Мэндбаяр нар ахлан ажиллаж буй юм байна.