Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ)-аас харвасан, баллистик пуужин байж болзошгүй пуужин Япон тэнгист, Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан талаар "Kyodo" агентлаг мэдээлжээ.

Японы Батлан хамгаалах яамны эх сурвалжийн мэдээлснээр, тухайн бүс нутагт байсан усан онгоц болон бусад объектод хохирол учирсан тухай мэдээлэл одоогийн байдлаар ирээгүй байгаа аж.

Үүний зэрэгцээ Японы Эргийн хамгаалалтын алба тухайн бүсэд байгаа усан онгоцуудад пуужингийн үлдэгдэл, хэлтэрхий илэрсэн тохиолдолд ойртохгүй байх, мөн нэн даруй Японы холбогдох байгууллагуудад мэдэгдэхийг анхааруулжээ.

БНАСАУ өмнө нь наймдугаар сарын 6-нд пуужин харвасан бөгөөд тухайн пуужин мөн Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байна.

БНАСАУ-ын баллистик пуужин 690 орчим км нисэж, 90 км өндөрт хүрчээ

Японы Батлан хамгаалахын сайд Синдзиро Коидзуми "БНАСАУ-аас харвасан баллистик пуужин 690 орчим км зайд нисэж, хамгийн дээд тал нь 90 км өндөрт хүрсэн" гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

Тэрбээр “Пуужин хамгийн дээд тал нь 90 орчим км өндөрт хүрч, 690 орчим км ниссэнийхээ дараа Япон тэнгист унасан” гэж мэдэгдсэн байна. Мөн пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасныг онцолжээ.

Коидзуми БНАСАУ дахин пуужин харвасныг эрс буруушааж, "Уг үйлдлээрээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүчин төгөлдөр тогтоолуудыг зөрчсөн" гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн пуужин харвасны улмаас ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл одоогийн байдлаар ирээгүй байгааг дурджээ.

Эх сурвалж: TASS