Украинд Patriot пуужин нэн шаардлагатай байна

ОХУ-ын довтолгоо өвөл эрчимжих төлөвтэй байгаа тул Украинд ОХУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалахын тулд Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийн хэдэн зуун пуужин шаардлагатай байгаа  аж.

Эдгээр пуужинг Украин дотооддоо үйлдвэрлэх боломж үгүй. АНУ-аас нийлүүлэхэд Иран дахь дайны нөхцөл байдал хүндрэл учруулж байгаа бол Европын холбоотон орнуудын хувьд Украинд өгөх боломжтой Patriot пуужингийн нөөц төдийлөн их үлдээгүй байна. Учир нь, өөрсдийн батлан хамгаалах чадварт сөргөөр нөлөөлөх хэмжээнд нөөцөө багасгах боломжгүй аж. Энэ талаар Politico хэвлэл наймдугаар сарын 10-нд мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Фёдоров Patriot системийн пуужингийн хомсдолыг Украины өмнө тулгарч буй гол асуудлуудын нэг гэж нэрлэсэн байна.

Тэрбээр “Сүүлийн саруудад Орос улс бидний тодорхой хугацаанд авч чаддаг пуужингаас илүү олон пуужинг сар бүр, бүр долоо хоног бүр харвах тохиолдол гарч байна. Энэ бол маш том асуудал. Учир нь, эдгээр пуужингийн үйлдвэрлэлийн хурд хэрэгцээг хангаж чадахгүй байна” хэмээн мэдэгджээ.

Фёдоров "Европын орнуудын агуулахууд Украинд пуужин нийлүүлэх өөр нэг эх үүсвэр болж байгаа ч тэнд 5, 10 пуужин л байх тохиолдол бий, харин 50-иас дээш пуужин байвал “гайхалтай” хэмжээнд тооцогдоно" гэж хэлсэн байна.

Patriot PAC-3, PAC-2 пуужингийн хомсдол

Politico-ийн мэдээлснээр, ялангуяа Patriot PAC-3 болон PAC-2 төрлийн пуужин дутагдалтай байгаа аж. Эдгээр нь Оросын хурдтай баллистик пуужингийн довтолгооноос Украинд үр дүнтэй хамгаалалт үзүүлж чадах цөөн тооны зэвсгийн нэг юм байна.

Германы Украинд үзүүлж буй цэргийн тусламж

Украинд цэргийн тусламж үзүүлдэг гол орнуудын нэг болох Герман улс Киевт хэд хэдэн Patriot агаарын довтолгооноос хамгаалах систем болон тэдгээрийн пуужинг хэдийнэ нийлүүлсэн байна.

Гэвч одоо Берлин Украины өсөн нэмэгдэж буй яаралтай хэрэгцээ болон Германы өөрийн батлан хамгаалалт, НАТО-гийн шаардлагыг хангахад зайлшгүй шаардлагатай пуужингийн хязгаарлагдмал нөөцийн хооронд тэнцвэр олох шаардлагатай болжээ.

Politico-д мөн “Европын бусад орнууд ч Patriot-ийн пуужингаа өөрсдөдөө хадгалах уу, эсвэл Украинд шилжүүлэх үү гэдгээ бодож байна” гэж мэдээлсэн байна.

Германы Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан, бригадын генерал Юрген Шрёдль Берлинд хэлэхдээ “Энэ асуудлаар бид хэдийнэ боломжийнхоо хязгаарт хүрч байна. Бид өөрсдийн хамгаалалтыг ч бас хангах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

Норвегийн Батлан хамгаалахын сайд Торе Сандвик мөн "Украинд Patriot системийн пуужин нийлүүлэхэд Европын бүх улс хувь нэмрээ оруулах ёстой" гэж онцолсон байна. Politico-ийн үнэлснээр, энэ нь ялангуяа Patriot пуужингийн тодорхой нөөцтэй Польш, Испани, Грек зэрэг орнуудад хамаатай аж.

Трамп Украинд Patriot пуужин үйлдвэрлэх зөвшөөрөл олгох тухай

Patriot PAC-3 пуужингийн ихэнхийг АНУ-д үйлдвэрлэдэг. Тиймээс эдгээр пуужинг худалдах болон өөр улсад үйлдвэрлэхтэй холбоотой аливаа шийдвэрийг АНУ-ын засаг захиргаа гаргадаг.

НАТО-гийн Анкара дахь дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон Украинд Patriot агаарын довтолгооноос хамгаалах болон пуужингийн довтолгооноос хамгаалах системийн сөрөг пуужинг дотооддоо үйлдвэрлэх лиценз олгоно гэж мэдэгдэж байв.

Гэвч дараа нь АНУ-аас НАТО-д суугаа Элчин сайд Мэттью Уитакер Fox Business телевизэд ярилцлага өгөхдөө "Үйлдвэрлэлийн урт хугацааны гэрээг өвөл болохоос өмнө байгуулахгүй, харин Украинд анхны пуужинг үйлдвэрлэж эхлэх хүртэл үүнээс ч илүү хугацаа шаардагдана" гэж мэдэгджээ.

Үүний дараа Трамп өнгөрсөн долоо хоногт "Украины Patriot пуужин үйлдвэрлэх лицензийн асуудал эцэслэн шийдэгдээгүй, хэлэлцээ үргэлжилж байна" гэж мэдэгдсэн байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украинд илүү олон пуужин нийлүүлэхийг холбоотнуудаасаа хүсэж буй талаар сэтгүүлчид асуухад Трамп наймдугаар сарын 6-нд “Бидэнд өөрсдөд маань ч пуужин хэрэгтэй” гэж хариулжээ.

Энэ нь АНУ-д Ирантай холбоотой дайны улмаас Patriot пуужингийн хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байгаа аж.

Украинд Patriot үйлдвэрлэх лиценз хэзээ олгох вэ?

Энэ асуудлаар Австрийн Үндэсний батлан хамгаалах академийн дэд профессор, цэргийн шинжээч Густав Грессель DW-д ярилцлага өгөхдөө "Украин ойрын хугацаанд Patriot пуужин үйлдвэрлэх лиценз авна гэдэгт эргэлзэж байна" гэж хэлжээ.

Тэрбээр “Украин анхнаасаа хэт өөдрөг хандсан гэж би бодож байна. Лицензийн асуудал үндсэндээ хойш тавигдсан. Хамгийн сайндаа л Украин PAC-2 төрлийн пуужин үйлдвэрлэх лицензийг 4-5 жилийн дараа авч магадгүй. Герман ч мөн ийм лиценз авсан” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: DW