Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өдөр бүр мэдээлэл хийж буй. Өчигдөрр ээлжит хэвлэлийн бага хурлаараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Гадаад харилцааны яам, гаалийн байгууллага хамтран шатахууны нийлүүлэлт, нөхцөл байдлын талаар мэдээлэв.

Мэдээллийн эхэнд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв улсын хэмжээнд ШТС-уудаар түгээлтийг тасралтгүй хийж буй талаар дурдав. Түүний мэдээлснээр, шатахууны нийлүүлэлт, түгээлтийг Тээврийн цагдаагийн албатай хамтран шуурхай зохион байгуулж байгаа аж.

Хоёр өдрийн байдлаар Улаанбаатар хотод 165 ШТС, орон нутгийн 49 ШТС-д түгээлт хийжээ

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Наймдугаар сард 50,000 тонн АИ-92 автобензинийг ОХУ-ын “Роснефть“ компаниас худалдан авах захиалга баталгаажсан. 15,000 тонн Евро-5 бүтээгдэхүүн худалдан авах захиалга баталгаажиж, эхнээсээ ачилт хийгдээд явж байна" гэв. 

Түүний хэлснээр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд тус улсаас наймдугаар сард багтаан 25 мянган тонн АИ-92 автобензин, 5000 тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Эдгээр нь наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах, нөөц бүрдүүлэх боломжтой аж. Цаашилбал, Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх тухай асуудлыг шийдвэрлэсэн байна.

Б.Дашпүрэв "БНСУ-аас 5-6 мянган тонн АИ-92 автобензин болон Евро-5 төрлийн бүтээгдэхүүн худалдан авахаар тохиролцсон. Тус улсаас ачилт хийгдэж эхэлсэн" гэв. Мөн 3000 тонн онгоцны түлш худалдан авах гэрээ хэлцэл хийгдэж, эхний 1000 тонн нь ачигдсан бол үлдсэн нь боловсруулах үйлдвэрээс ачигджээ.

Гаалийн ерөнхий газраас Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын хүрээнд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна 

Наймдугаар сарын 1-нээс хойш тогтмол 5-6 мянган тонн нефтийн бүтээгдэхүүнд эцсийн бүрдүүлэлт хийдэг байсан бол хоёр өдрийн байдлаар 10,100 тонн нефтийн бүтээгдэхүүнд эцсийн бүрдүүлэлт хийжээ.

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа тус яамнаас олон улсын геополитикийн хурцадмал, тодорхойгүй байдлын улмаас 2026 онд дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний хямрал болж буйг онцлов. Иймд Монгол Улсад үүсээд буй шатахууны доголдол нь дотоодын нөхцөл байдлаас илүү олон улсын нөхцөл байдлаас хамааралтай болохыг мэдээллээ.

Монгол Улсын хувьд ОХУ болон БНХАУ-аас түлш шатахуунаа импортолж байна. БНХАУ-ын хувьд бүх төрлийн шатахууны экспортоо хязгаарласан ч Монгол Улсад тусгай нөхцлөөр агаарын түлш нийлүүлж буй.

Тус улсаас импортлох агаарын түлшийг нэмэгдүүэх чиглэлд Гадаад харилцааны яамны зүгээс БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газраас хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Мөн агаарын түлшний импортын эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх чиглэлд Казахстан болон БНСУ, Европын Беларусь тэргүүтэй улстай яриа хэлэлцээ хийж байгаа аж.

Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа "Хамгийн сүүлд, наймдугаар сарын 4-ний өдрийн байдлаар Казахстан улсаас Монгол Улсад хандаж худалдан авах хүсэлтэй түлшний марк, хэмжээ болон тээвэрлэлтийн нөхцлийн талаарх мэдээлэл хүссэн албан нот ирүүлж, энэ чиглэлд нааштай хариу гарна гэдэгт итгэлтэй байна" гэж хэлэв.