Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Оросын цэргүүд наймдугаар сарын 11-ний мягмар гаргийн шөнө Украины Запорожье хотод хийсэн довтолгооныхоо үеэр Хойд Солонгост үйлдвэрлэсэн баллистик пуужингуудыг мөн ашигласан" гэж мэдэгдэв.

Тэрбээр Telegram сувагтаа “Шөнийн цагаас хойш Запорожье хотод Оросын цохилтын үр дагаврыг арилгах ажил үргэлжилж байна. Хотод Хойд Солонгосын баллистик пуужин, ‘Циркон’ пуужин болон удирдлагатай агаарын бөмбөгөөр цохилт өгсөн. Энэ бол иргэний дэд бүтцэд аль болох их хохирол учруулах зорилготой, маш харгис довтолгоо байсан” гэж бичжээ.

Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчнийхэн мөн наймдугаар сарын 11-ний өглөө мэдэгдэл хийхдээ "Украинд хийсэн уг цохилтын үеэр “Искандер-М/KN-23” пуужингууд ашигласан" гэж мэдээлсэн байна. KN-23 буюу Hwasong-11Ga нь Хойд Солонгост үйлдвэрлэсэн баллистик пуужин юм.

Запорожьед зургаан хүн амиа алдаж, 19 хүн шархаджээ

Мягмар гаргийн шөнө Запорожье хотод болсон пуужингийн цохилтын улмаас 6 хүн амиа алдаж, 19 хүн шархадсан байна. Запорожье мужийн цэргийн захиргааны дарга Иван Фёдоровын мэдээлснээр, цохилтод үйлдвэрийн болон дэд бүтцийн байгууламжууд өртөж, мөн орон сууцны барилга, орон сууцны бус барилга болон гаражийн хоршоолол эвдэрчээ.

Түүнчлэн цахилгаан тасарч, гал түймэр гарсан байна. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Запорожье хотод хийсэн цохилтын үеэр “Запорожсталь” металлургийн үйлдвэр өртсөн байна. Наймдугаар сарын 11-ний шөнө Оросын армийн цохилтод Украины бусад хотууд ч өртжээ.

Зеленский: Орос Хойд Солонгосоос нэмэлт баллистик пуужин авсан

Үүний өмнөх өдөр буюу наймдугаар сарын 10-ны орой Владимир Зеленский видео мэдэгдэл хийхдээ Орос улс Хойд Солонгосоос нэмэлт баллистик пуужин болон цэргийн техник авсан гэж мэдэгджээ.

Тэрбээр “Орос улс Хойд Солонгосоос нэмэлт хүч, зэвсэглэл авахгүйгээр дайн хийх боломжгүй болсон нь түүхэнд анх удаа тохиож байна” хэмээн онцолсон байна. Зеленский өмнө нь Хойд Солонгосын 30-50 мянган цэрэг ОХУ-ын нутаг дэвсгэрт байрлаж магадгүй гэж таамаглаж байв.

Украины эрх баригчдын мэдээлснээр, долдугаар сарын 30-нд Оросын цэргүүд Хойд Солонгосын үйлдвэрлэсэн баллистик пуужинг удаан хугацааны дараа анх удаа ашигласан байна. Тухайн пуужинг Днепропетровск мужийн Радушное тосгонд шөнийн цохилт өгөхөд ашигласан гэж мэдээлжээ.

Тэр довтолгооны үеэр нэг гэр бүлийн есөн хүн, тэр дундаа эцэг эх болон долоон хүүхэд амиа алдсан байна.

Эх сурвалж: DW