Саудын Арабын газрын тосны томоохон компани Saudi Aramco АНУ болон Израилийн Ираны эсрэг явуулж буй дайны улмаас дэлхийн нефтийн зах зээлд сүүлийн хоёр сарын хугацаанд ойролцоогоор нэг тэрбум баррель нефтийн хомсдол үүссэн гэж үзэж байна. Энэ талаар тавдугаар сарын 10-ны ням гарагт Reuters агентлаг мэдээлжээ.

Компанийн гүйцэтгэх захирал Амин Насерийн хэлснээр, Ормузын хоолой дахь хориглолт цуцлагдаж, нефтийн нийлүүлэлт дахин сэргэж эхэлсэн ч зах зээл болон түүхий эдийн үнэ тогтворжиход тодорхой хугацаа шаардлагатай аж.

Тэрбээр мөн АНУ, Израиль, Ираны хоорондын дайнаас гадна олон жилийн турш үргэлжилсэн хөрөнгө оруулалтын дутагдал нь дэлхийн нефтийн нөөцөд нэмэлт дарамт үүсгэж, хэдийнэ бага байсан нөөцийг улам хязгаарлаж буйг онцолсон байна.

Reuters-ийн мэдээлснээр, "Saudi Aramco"-гийн 2026 оны эхний улирлын цэвэр ашиг 25 хувиар өсөж, 32.5 тэрбум ам.долларт хүрчээ. Тус компани дэлхийн нефтийн нөөцийн ойролцоогоор 12 хувийг эзэмшдэг бөгөөд хамгийн том нефтийн компаниудын нэгд тооцогддог.

Амин Насер "Ормузын хоолойн хоригийг тойрон гарахын тулд "Saudi Aramco" өөрийн нефтийн хоолойг ашиглаж байна. Тус компани Персийн булангийн зүүн эргээс Улаан тэнгис хүртэл өдөрт 7 сая баррель түүхий нефть тээвэрлэх хүчин чадалтай" гэж мэдээлсэн байна.

Нефтийн нөөц түүхэн хурдаар буурч байна

Өмнө нь Британийн "Financial Times" сонин S&P Global болон Goldman Sachs-ийн шинжээчдийн мэдээлэлд үндэслэн, 2026 оны дөрөвдүгээр сард дэлхийн нефтийн нөөц 200 сая баррелиар огцом буурсан талаар мэдээлжээ.

S&P Global-ийн тооцоогоор, зөвхөн дөрөвдүгээр сард нефтийн хэмжээ өдөрт 6.6 сая баррелиар буурсан нь эрэлт буурсан нөхцөлд ч тохиолдсон байна. Харин нефтийн эрэлт 5 сая баррелиар унасан нь түүхэн дэх хоёр дахь хамгийн том уналт болжээ. Үүнээс илүү огцом уналт зөвхөн цар тахлын үеэр бүртгэгдсэн байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, зах зээл энэ асар их нөөцийн бууралтад хараахан бүрэн хариу үйлдэл үзүүлээгүй тул нефтийн үнэ цаашид өсөх магадлал өндөр аж. Financial Times-ийн тайлбарласнаар, дэлхийн хэмжээнд олборлосон болон хараахан боловсруулаагүй нефтийн нийт нөөц ойролцоогоор 4 тэрбум баррель байдаг аж.

Гэвч ихэнх нөөц нь өдөр тутмын ажиллагаа, боловсруулах үйлдвэрүүд болон дамжуулах хоолойн системийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор байнга эргэлтэд орж байдаг тул чөлөөтэй ашиглах боломжтой хэмжээ нь хамаагүй бага байдаг байна.

Эх сурвалж: DW