Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-тай хамтран “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026”-ийн хүрээнд “Дэлхийн малчдын чуулган”-ыг энэ сарын 10-наас 15-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулж байна.
Чуулганд дэлхийн 102 улсаас 200 орчим малчин, төлөөлөгч оролцож буй аж. Тэд энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд Монголын бэлчээрийн ашиглалт, нүүдлийн мал аж ахуйн онцлогтой танилцах хээрийн аялал болон бүсчилсэн, сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцож байна.

Дэлхийн өөр өөр бүс нутгаас ирсэн 123 малчин, албаны төлөөлөгч Хэнтий, Сэлэнгэ, Говьсүмбэр, Архангай, Баянхонгор, Булган аймагт ажиллаж, Монголын малчидтай уулзаж байна. Тэд бэлчээр ашиглалт, нүүдлийн мал аж ахуйн уламжлал, малчдын ахуй амьдрал, өв соёлтой газар дээр нь танилцаж, мэдлэг, туршлагаа харилцан солилцож байгаа аж.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, малчдын амьжиргаа, зах зээлийн хүртээмж, залуу үеийн оролцоо, эмэгтэй малчдын эрх, оролцоо зэрэг дэлхийн малчдад нийтлэг тулгамдаж буй асуудлыг хоёр өдрийн турш хэлэлцэж, цаашдын боломж, хамтын шийдлийг эрэлхийлэх нь.

Бүсчилсэн хэлэлцүүлгүүдээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн энэ сарын 14, 15-нд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн малчдын чуулган”-ы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна.
Нэгдсэн хуралдаанаар малчдын дуу хоолой, мэдлэг, туршлагыг дэлхийн түвшинд хүргэх нэгдсэн индэр бүрдүүлж, бүс нутаг болон сэдэвчилсэн уулзалтуудаас гарсан гол санал, тунхаглалуудыг эцэслэн батална. Улмаар нэгдсэн хуралдааны баримт бичигт туссан малчдын санал, санаачилгыг COP17-ийн хүрээнд болох олон улсын хэлэлцүүлэгт хүргэхээр төлөвлөжээ.

Монгол Улс дэлхийн өнцөг булан бүрээс малчид, төлөөлөгчдийг ийнхүү нэг дор цуглуулж, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэг, орчин үеийн шийдэл, сайн туршлагыг харилцан солилцох олон улсын талбар болж байна.
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026” нь бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэг, өв соёлыг хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой ажээ.

Түүнчлэн энэ санаачилга нь нүүдлийн мал аж ахуйн онцлог, бэлчээрийн тогтвортой байдал, малчдын мэдлэг, туршлага, соёл уламжлалын үнэ цэнийг дэлхий нийтэд таниулахад чухал ач холбогдолтой юм.

