Оросын Зэвсэгт хүчин наймдугаар сарын 10-ны даваа гарагт өдрийн цагаар Запорожье хотод шинэ цохилтууд өгчээ.
Украины Дотоод хэргийн яам орон нутгийн цагаар 16:15 цагт Telegram сувгаар дамжуулан “Запорожье хотод Оросын агаарын цохилтын улмаас хохирсон хүмүүсийн тоо нэмэгдлээ. Одоогийн байдлаар 26 хүн хохирсон нь тогтоогдоод байна” гэж мэдээлжээ. Хохирогчдын дунд гурван хүүхэд, 14 эмэгтэй, 9 эрэгтэй байгаа аж.
Энэ өдөр Украины Запорожье мужийн Прокурорын газар болон мужийн Цэргийн захиргааны тэргүүн Иван Фёдоров нар тус хотод удирдлагатай бөмбөг (УБ) ашиглан цохилт өгсөн талаар өмнө нь мэдээлсэн байна.
Фёдоровын мэдээлснээр, шархадсан иргэдийн тоо нэмэгдэж, улам олон хүн эмнэлгийн тусламж авахаар хандаж байгаа аж. Запорожье хотод Оросын халдлагын улмаас учирсан хохирлын талаарх мэдээллийг одоогийн байдлаар тодруулж буй юм байна.
Мөн Фёдоров 17:30 цагт хот болон мужийн нутаг дэвсгэрт цохилтын зориулалттай нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд ашигласан шинэ аюул заналхийлэл үүссэн талаар мэдээлжээ.
Харьков мужид таван хүн амиа алджээ
Харьков мужийн Прокурорын газар "Наймдугаар сарын 10-ны өдөр Харьков мужийн Чугуев дүүргийн Бугаевка тосгонд их бууны буудлагын улмаас орон сууцны барилга сүйдэж, таван хүн амиа алдсан" гэж мэдээлсэн байна. Тус байгууллагын Telegram мэдэгдэлд дурдсанаар, Оросын цэргийн хүчний бай орон сууцны бүс байсан аж.
Харьков мужийн Цэргийн захиргааны тэргүүн Олег Синегубовын мэдээлснээр, өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус мужийн 24 суурин газар Оросын буудлагад өртжээ. Үүний улмаас есөн хүн хохирч, иргэний дэд бүтцийн объектууд эвдэрч, сүйдсэн байна. Үүнд ферм, үйлдвэр, дэлгүүр, хувийн болон олон айлын орон сууц, үр тарианы агуулах, захиргааны барилга зэрэг багтжээ.
Сумы мужийн захиргааны тэргүүн Олег Григоров "Наймдугаар сарын 10-нд шилжих шөнө Оросын Зэвсэгт хүчин Сумы хотын иргэний дэд бүтцэд УБ ашиглан таван удаа цохилт өгсний улмаас дор хаяж 14 хүн шархадсан" гэж мэдээлсэн байна.
Украины Зэвсэгт хүчин: Орос улс пуужин, тэнүүчлэн сөнөөгч сум болон 126 дроноор халджээ
Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний өглөөний мэдээнд дурдсанаар, наймдугаар сарын 10-нд шилжих шөнө Оросын цэргүүд Украин руу Х-59/69 загварын удирдлагатай нисэхийн пуужин, “Бандероль” төрлийн тэнүүчлэн сөнөөгч гурван сум, мөн “Shahed”, “Гербера” төрлийн болон дуураймал дронууд багтаасан 126 цохилтын дрон ашиглан халдсан байна.
Украины цэргийн хүчний мэдээлснээр, тэд Оросын 92 дроныг устгаж, ажиллагааг нь саармагжуулж, мөн гурван тэнүүчлэн сөнөөгч сумыг устгажээ.
Мэдэгдэлд “22 байршилд 31 цохилтын дрон хүрч, мөн хоёр байршилд тэдгээрийн хэлтэрхий унасан нь бүртгэгдсэн” гэж мэдээлсэн байна. Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, идэвхтэй эсэргүүцлийн ажиллагааны үр дүнд Оросын пуужин байндаа хүрч чадаагүй аж.
Эх сурвалж: DW