Украин болон ОХУ ням гарагт харилцан цохилт өгч, хүний амь нас хохирсон халдлагууд үйлдсэн хэмээн бие биеэ буруутгав. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн ОХУ Одесса хотын боомтыг онилон цохилт өгснөөр дэлхийн хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгджээ.

Украины зүүн хэсгийн Харьков хотод олон давхар орон сууцны барилга цохилтод өртсөний улмаас гурван хүн амиа алдаж, 37 хүн шархадсан байна. Харин ОХУ-ын Белгород мужийн эрх баригчдын мэдээлснээр, Украины дроны халдлагын улмаас таван хүн амиа алдаж, 25 хүн шархаджээ.

Одесса боомтод цохилт өгчээ

Зеленскийн мэдэгдсэнээр, Одесса хотын далайн боомт Оросын цохилтын улмаас эвдэрч, гэмтсэн байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, Украины өмнөд хэсэгт орших далайн эргийн тус хотод олон арван дрон болон пуужингаар цохилт өгч, 10 гаруй хүн шархаджээ.

Зеленский “Ийнхүү Орос улс дэлхийн хүнсний аюулгүй байдлын эсрэг дайн хийж байна” хэмээн мэдэгдсэн байна. Учир нь, Одесса хотын боомтууд нь Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах гол гарц болдог. Зеленский мөн ОХУ ням гарагт Украины өөр есөн бүс нутагт цохилт өгсөн гэж мэдээлжээ.

ОХУ сүүлийн үед Одесса хотод удаа дараа цохилт өгч байгаа нь Украиныг Хар тэнгисийн гарцаас таслах зорилготой гэж Киев үзэж буй аж.

Одесса хотын оршин суугч 67 настай Игорь “Одессад амьдардаг хүн бүр хамгийн түгээмэл бай болдог газар нь боомтын орчим гэдгийг мэднэ” хэмээн ярьжээ.

Украин Оросын газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнуудад цохилт өгчээ

Украин ОХУ-ын дайны санхүүжилтийн орлогыг таслан зогсоох зорилгоор Хар тэнгист Оросын газрын тос тээвэрлэгч болон бусад ачааны хөлөг онгоцуудыг онилон цохилт өгч буй. Украины тал ням гарагт ийм төрлийн гурван шинэ цохилт өгсөн гэж мэдээлжээ.

Ингэснээр хоёр тал зуны турш бие биенийхээ логистикийн дэд бүтэц, агуулах, шатахуун түгээх станц болон бусад стратегийн объектуудыг онилох өргөн хүрээний цохилтын ажиллагаа явуулав.

Украины газрын тос, хийн байгууламжууд халдлагад өртөв

Украины төрийн газрын тос, хийн компани “Нафтогаз”-ын мэдээлснээр, сүүлийн гурван хоногт тус компанийн байгууламжууд руу чиглэсэн халдлага эрс нэмэгджээ. Тухайлбал, шөнө газрын тос олборлох байгууламжууд халдлагад өртсөн байна.

Мөн Украины Эрчим хүчний яамны мэдээлснээр, ОХУ Одесса мужийн эрчим хүчний байгууламжуудыг онилон цохилт өгсний улмаас тус хотын олон тооны иргэн цахилгаангүй болжээ. Гэвч цахилгаан хангамжийг сэргээх ажил шуурхай явагдаж, 90 мянган хэрэглэгчийн цахилгааныг сэргээсэн байна.

ОХУ: Одесса, Чорноморскийн боомтууд дахь түлшний байгууламжийг устгасан

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, тус улсын арми Одесса болон ойролцоох Чорноморск боомтууд дахь Украины армийн хэрэгцээнд ашиглагдаж байсан түлш хадгалах байгууламжуудыг цохилтоор устгажээ.

Украины тал Одесса боомтын дэд бүтцэд учирсан хохирол болон энгийн иргэдийн хохирлыг мэдээлсэн байна.

Russian missile and drone attack in Odesa

Ромын пап Лео дайныг зогсоохыг дахин уриалав

Ватиканд Ромын пап Лео Орос, Украины хооронд үргэлжилж буй дөрвөн жил гаруй хугацааны дайныг зогсоохыг дахин уриалжээ.

Тэрбээр ням гаргийн мөргөлийн үеэр “Эмгэнэлт үйл явдлууд олширч, энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүдийн амь нас хохирох тоо нэмэгдсээр байна” хэмээн онцолсон байна.

Ийнхүү хоёр талын харилцан цохилт эрчимжихийн зэрэгцээ боомт, эрчим хүч, газрын тос, шатахуун, тээвэр логистикийн дэд бүтцүүд бай болж, дайны эдийн засгийн болон хүмүүнлэгийн үр дагавар улам нэмэгдэж буй ажээ.

Russian dorne attack in Kharkiv

Russian missile and drone attack in Odesa

Эх сурвалж: REUERS