Болгарын эрх баригчид Румын улстай хиллэдэг хил орчимд, Трансбалканы хийн хоолойн хий шахах станцын ойролцоо нисгэгчгүй нисэх төхөөрөмж дэлбэрсэнтэй холбогдуулан Украины Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дууджээ.

Болгарын Үндэсний телевизийн мэдээлснээр, тус улсын Гадаад хэргийн яам Украины Элчин сайд Олеся Илашчукийг наймдугаар сарын 10-нд уулзахаар дуудсан байна.

Тус яамны мэдээлснээр, Украины талаас гаралтай байж болзошгүй нисгэгчгүй нисэх төхөөрөмж Болгарын нутаг дэвсгэрт нэвтэрч, улмаар Трансбалканы хийн хоолойн хий шахах станцын ойролцоо дэлбэрсэн гэх хэрэг явдалтай холбоотойгоор уулзалт хийхээр болжээ.

Дрон Румын талаас Болгарын нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэж мэдээлэв

Болгарын Ерөнхий сайд Румен Радев өмнө нь болсон явдлын талаар мэдээлэхдээ, нисгэгчгүй төхөөрөмж Румын талаас Болгарын агаарын орон зайд нэвтэрснийхээ дараа дэлбэрсэн гэж мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, дрон нь Туркийг Украинтай холбодог Трансбалканы хийн хоолойн хий шахах станцаас ойролцоо нэг километрийн зайд, хуучин “Кардам” хилийн боомтын орчимд унажээ. Тус хийн хоолой нь бүс нутгийн эрчим хүчний дэд бүтцийн чухал хэсэгт тооцогддог байна.

Болгарын Батлан хамгаалах яамнаас уг нисгэгчгүй төхөөрөмжийг Украины цэргийн хүчин ашигладаг “Мая” нэртэй төөрөгдүүлэгч буюу хуурамч бай оноох зориулалттай дрон байж болзошгүй гэж үзжээ. Гэхдээ Болгарын эрх баригчид уг дроныг санаатайгаар Болгарын нутаг дэвсгэрт нэвтрүүлсэн гэж үзэхгүй байгаа аж.

Украин: Болгарын талтай хамтран ажиллахад бэлэн

Украины Гадаад хэргийн яамнаас уг асуудлыг тодруулахад Софиятай хамтран ажиллахад бэлэн болохоо илэрхийлжээ. Украины тал хэрэв Болгарын нутаг дэвсгэрт үнэхээр Украины нисгэгчгүй төхөөрөмж унасан нь тогтоогдвол болсон явдлын нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Болгарын талтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Ийнхүү дронтой холбоотой асуудал хоёр улсын хооронд дипломат түвшинд яригдахаар болжээ.

Болгар улс Украинд үзүүлэх цэргийн тусламжаа зургадугаар сард зогсоосон

Энэ үйл явдалтай холбогдуулан Болгарын Ерөнхий сайд Румен Радев тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хуралдааныг зарлан хуралдуулсан байна.

Хурлын дараа Радев мэдэгдэл хийхдээ, Болгарын нутаг дэвсгэрт унасан нисгэгчгүй төхөөрөмжийг Румын болон Болгарын аль аль нь урьдчилан илрүүлж, радарын системээр тогтоож чадаагүй гэж хүлээн зөвшөөрчээ.

Түүний үзэж байгаагаар, энэ хэрэг явдал хоёр улсын агаарын орон зайд орчин үеийн, үр дүнтэй радарын хяналтын систем хангалтгүй байгааг дахин харуулсан аж.

Үүнтэй холбогдуулан Болгар улс стратегийн ач холбогдол бүхий объектуудын хамгаалалтыг нэмэгдүүлж, нам өндөрт нисэж буй объектуудыг илрүүлэх, сөрөн хамгаалах хүч хэрэгслийг дахин байрлуулах арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Болгарын Засгийн газар Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоосон

Болгарын Ерөнхий сайд Румен Радевыг өмнө нь ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Оростой харьцангуй ойр байр суурьтай улс төрч хэмээн зарим ажиглагчид тодорхойлдог байжээ.

Тэрбээр 2026 оны тавдугаар сард Ерөнхий сайдын албан тушаалд очсон бөгөөд шинэ Засгийн газар нь зургадугаар сард Украинд үзүүлж байсан цэргийн тусламжаа зогсоох шийдвэр гаргасан байна.

Радев энэ шийдвэрээ Болгар улс Украины дайныг цэргийн аргаар бус, дипломат арга замаар зогсоох хүчин чармайлтыг дэмжиж байгаатай холбон тайлбарлажээ.

Ийм нөхцөлд Болгарын нутаг дэвсгэрт Украины талтай холбоотой байж болзошгүй дрон унаж, дэлбэрсэн явдал нь София болон Киевийн хооронд дипломат анхаарал татсан шинэ асуудал болоод буй аж.

Эх сурвалж: DW