Украины Одесс хот болон Одесс мужид Оросын цэргийн цохилтын улмаас тасарсан цахилгаан хангамжийг сэргээх ажил үргэлжилж байгаа аж. Наймдугаар сарын 9-ний ням гаргийн байдлаар 300 мянга гаруй айл өрх цахилгаангүй болжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский орой гэхэд цахилгаангүй болсон хэрэглэгчдийн ойролцоогоор гуравны нэгийнх нь цахилгаан хангамжийг сэргээж чадсан гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Одесс хотод орон сууцны барилга, зочид буудал, иргэний болон эрчим хүчний дэд бүтэц гэмтсэн гэж мэдээлжээ. Цахилгаан тасарснаас гадна хотод ус хангамж болон холбооны сүлжээний доголдол үүссэн байна.

Одесс мужид дахин цохилт өгч, Запорожье болон Днепропетровск мужуудыг мөн онилов

Наймдугаар сарын 9-ний өдөр Оросын цэргүүд Одесс мужид дахин цохилт өгчээ. Украины Дотоод хэргийн яам "ОХУ дахин халдлага үйлдэх үеэр үүссэн дэлбэрэлтийн долгионд 12 хүүхэд зорчиж явсан автобус гэмтсэн" гэж мэдээлсэн байна. Хүүхдүүд ноцтой гэмтэл бэртэл аваагүй, нэг хүүхэд хөнгөн шалбарчээ.

Запорожье мужид Оросын цохилтын улмаас гал түймэр унтраах, аврах албаны нэг ажилтан амь үрэгдэж, өөр хоёр ажилтан шархадсан байна. Мөн Днепропетровск мужийн Никополь дүүрэгт наймдугаар сарын 9-нд Оросын цэргийн цохилтын улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн шархаджээ.

Мужийн захиргааны тэргүүн Александр Ганжагийн мэдээлснээр, Оросын цэргүүд тус мужийн дөрвөн дүүрэгт дрон, их буу болон агаараас хаядаг бөмбөг ашиглан бараг 40 удаа халдсан байна. Халдлагын улмаас хувийн орон сууцууд, таван давхар барилга, аж ахуйн зориулалттай байгууламж, гараж, автомашин болон нийтийн тээврийн автобус гэмтжээ.

Синельниково дүүрэгт Оросын цэргүүд Синельниково хот болон Николаевка, Васильковка орчмын нутаг дэвсгэрт цохилт өгсөн байна. Үүний улмаас ойролцоогоор 10 хувийн байшин болон автомашин гэмтжээ.

Харьков хотод цохилт өгчээ

Мөн наймдугаар сарын 9-ний өдөр Оросын цэргүүд Харьков хотод цохилт өгсөн байна. Хотын захирагч Игорь Тереховын мэдээлснээр, халдлагын улмаас дэд бүтцийн нэг байгууламж гэмтжээ. Оройн 18:00 цагийн байдлаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан талаарх мэдээлэл ирээгүй байсан аж.

Житомир мужид мөн халджээ

Оросын цэргүүд Житомир мужид мөн цохилт өгсөн байна. Тус мужид иргэний зориулалттай дэд бүтцийн объектууд болон Германы нэгэн компанийн байгууламж цохилтод өртөж, гэмтсэн байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оройн мэдэгдэлдээ мөн Павлоград, Херсон болон Сумы мужид цохилт өгсөн талаар мэдээлжээ.

Зеленский: Орос улс дайныг өөрийн нутаг дэвсгэр дээрээ мэдрэх ёстой

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэлдээ Украин улс Оросын цэргийн болон эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөх ажиллагаагаа үргэлжлүүлж байна гэжээ.

Түүний хэлснээр, Украины цэргүүд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлж буй аж. Мөн Оросын агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн цогцолбор, радарын станцууд болон Азовын тэнгис, Хар тэнгисийн бүс дэх цэргийн дэд бүтцэд цохилт өгсөн байна.

Зеленский “Бидний хариу арга хэмжээ шударга байх болно. Оросын талын цохилт бүрийн хариуд бид хариу өгнө. Оросын эхлүүлсэн дайн тэд өөрсдөө, тэр дундаа Оросын нутаг дэвсгэр дээр улам хүчтэй мэдрэх болно” хэмээн мэдэгджээ.

Мөн Украины Ерөнхийлөгч "Ирэх долоо хоногт Украин улс зуучлагч талуудтай шинэ уулзалт, харилцаа холбоо хийх бөгөөд дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ" гэжээ. Тэрбээр үүний зэрэгцээ Украины агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг нэмэгдүүлэхийн тулд олон улсын түншүүдээс нэмэлт тусламжийн багц шаардлагатай байгааг дахин онцолсон байна.

Эх сурвалж: DW