Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-тай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгой тоогоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ.

Зохицуулалтыг өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэлгүйгээр хэрэгжүүлэх юм байна.

Ямар автомашинд хамаарахгүй вэ?

Тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Үүнд:

  • Цахилгаан тэжээлт буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл
  • Зөвшөөрөл, шаардлагатай тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүн түгээх, татан авах тээврийн хэрэгсэл
  • Оршуулгын үйл ажиллагаанд ашиглаж буй тээврийн хэрэгсэл
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл
  • Дипломат байгууллага болон гадаадын зочин, төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгсэл
  • Нийтийн тээврийн хэрэгсэл
  • Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээний автомашин
  • Сургууль, цэцэрлэг болон байгууллагын ажилчдын тээвэр
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл

Open photo

Иймд дээрх ангилалд хамаарахгүй автомашин эзэмшигчид наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал 07:00-21:00 цагийн хооронд улсын дугаарынхаа тэгш, сондгой тоонд тохируулан замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай болж байна.

Зохицуулалтын гол зорилго нь хичээлийн шинэ жилийн үеийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, мөн COP17 хурлын үеийн замын хөдөлгөөнийг хэвийн зохион байгуулахад чиглэж байгаа аж.