Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлснээр, Орос улс гурван өдрийн гал зогсоох дэглэм зарласан ч Украины хэд хэдэн мужид цохилтоо үргэлжлүүлсээр байгаа аж.
Тус штабаас тавдугаар сарын 10-нд нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, зөвхөн тавдугаар сарын 9-ний өдөр Оросын хүчин Украин руу нийт 7704 камиказе дрон ашиглаж, суурин газар болон Украины армийн байрлал руу 2021 удаа гал нээжээ. Үүний 12 нь реактив системийн олон удаагийн харвагч төхөөрөмжөөр хийсэн довтолгоо байсан аж.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд фронтын бүсэд 147 удаагийн тулаан болсон талаар мэдээлжээ. Тулаан голчлон Хойд Слобожанск, Курск, Өмнөд Слобожанск, Купянск, Лиман, Славянск, Краматорск, Константиновка болон Покровскийн чиглэлд өрнөсөн байна.
Запорожьед нэг хүн амиа алдаж, гурван хүн шархаджээ
Украины агаарын хүчнээс мэдээлснээр, тавдугаар сарын 10-ны шөнөөс хойш Орос улс Украин руу "Shahed" төрлийн цохилтын дрон зэрэг нийт 27 нисгэгчгүй төхөөрөмж харважээ. Украины тал бүх дроныг устгасан бөгөөд томоохон сүйрэл бүртгэгдээгүй гэж мэдэгдсэн байна.
Гэвч зөвхөн Запорожье мужид нэг хоногийн дотор 33 суурин руу нийт 780 цохилт өгсөн талаар мужийн захирагч Иван Федоров мэдээлжээ. Эдгээр довтолгооны улмаас нэг хүн амиа алдаж, Запорожье болон Пологи дүүрэгт гурван хүн шархадсан байна.
Днепропетровскт аврагчдыг онилон довтолсон гэв
Тавдугаар сарын 10-ны өглөө Днепропетровск мужийн Никополь дүүрэгт очсон аврагчдын багийг Оросын тал дроноор онилон довтолсон талаар Украины Онцгой байдлын алба мэдээлжээ. Мэдэгдэлд “Оросын цэргүүд гал унтраах, аврах ажиллагааны автомашиныг зориудаар онилсон” гэж дурдсан байна.
Довтолгооны улмаас 23 настай аврагч жолооч шархадан эмнэлэгт хүргэгджээ. Мөн тус мужийн цэргийн захиргааны тэргүүн Олександр Ганжагийн мэдээлснээр, Никополь болон Синельниковскийн дүүргүүдэд дэд бүтэц эвдэрч, гурван настай охин шархадсан байна. Охины биеийн байдал дунд зэрэг байгаа аж.
Харьков мужид хоёр хүүхэд шархаджээ
Олег Синегубовын мэдээлснээр, Оросын тал дроноор Харьков хот болон өөр долоон суурин руу довтолжээ. Довтолгооны улмаас нийт найман хүн шархадсаны дотор хоёр хүүхэд байсан аж. Мөн Донецк мужид үргэлжилсэн буудлагын үеэр дөрвөн энгийн иргэн шархадсан талаар мужийн захирагч Вадим Филашкин мэдээлжээ.
Түүний хэлснээр, зөвхөн нэг хоногийн дотор Оросын тал Донбассын суурин газрууд руу 18 удаа гал нээсэн байна.
Херсонд хүүхэдтэй нийлээд долоон хүн цохилтод өртөв
Херсон мужийн захирагч Олександр Прокудинын мэдээлснээр, Херсон хот болон өөр 16 сууринд мөн буудлага бүртгэгджээ. Довтолгооны улмаас долоон хүн, түүний дотор нэг хүүхэд шархадсан байна. Мөн чухал дэд бүтэц, нийгмийн байгууламжууд өртөж, найман хувийн сууц болон нэг орон сууцны барилга эвдэрчээ.
Трамп: Тавдугаар сарын 9-нөөс 11-нд гал зогсооно
Дональд Трамп тавдугаар сарын 8-нд Ялалтын баярыг тохиолдуулан гурван өдрийн гал зогсоох санал гаргасан байна. Тэр "Орос болон Украин тавдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд гал зогсоох дэглэмийг мөрдөхөө баталсан" гэж мэдэгджээ.
Трампын хэлснээр, энэхүү санаачилгыг өөрөө гаргасан бөгөөд энэ хугацаанд зөвхөн байлдааны ажиллагаа зогсохоос гадна “1000-ын эсрэг 1000” хэлбэрээр олзны хүмүүсийг солилцох ажиллагаа явагдах ёстой аж.
Эх сурвалж: DW