Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Райд Монголиа” компанийн барьж буй 70 МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станцын технологийн галыг өчигдөр (2026.08.08) асаав.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Удахгүй ашиглалтад оруулах энэ станц цахилгаан, дулааны чадлын дутагдлыг нөхөхөд хувь нэмэр оруулах, хараат байдлыг багасгахад нөлөөтэй. Төсөлд гар бие оролцож буй хүн бүхэнд баяр хүргэе” хэмээв.
Улаанбаатар хотоос 311 км-ын зайд барьж буй уг станц тус бүр 35 МВт турбингенератортай хоёр блок зуухтай байх аж. Станцад жилд 489.2 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэн, 440.2 сая кВт.ц цахилгаан, 373 мянган Гкал дулаан түгээхээр тооцоолсон байна.

Эрчим хүчний яамны мэдээлснээр, 2024 оны тавдугаар сарын 1-нд эхлүүлсэн барилга угсралтын ажлыг дуусгаж, өвлийн оргил ачааллаас өмнө буюу аравдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Сэлэнгэ аймгийн хэрэглээг хангах тус ДЦС-ын барилга угсралтыг Камбож улсын МITIME групп түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэж байгаа аж.
Станцад шинэ дэвшилтэт техник, технологи суурилуулахыг зорьж, буулгаж, угсардаг, байгальд ээлтэй карбон янданг Монголд анх удаа ашиглах юм байна.
