Монголбанк “Чингис хаан” дурсгалын зоосыг үргэлжлүүлэн 2027 онд “Монгол Улсын хаад” цуврал, “Төрийн тахилгат уулс” цувралыг орчин үеийн дэвшилтэт технологи, шинэлэг хийц загвараар бүтээхээр төлөвлөж байгаа аж. 

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар Лихтенштейн Улсын “Койн Инвест” (Coin Invest, CIT) компанийн Гүйцэтгэх захирал Йохан Бернерийг хүлээн авч уулзан, дурсгалын зоосны үйлдвэрлэл болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Төв банк тус компанитай 1996 оноос хамтран ажиллаж, монголын түүх, соёл, байгалийн өвийг илэрхийлсэн, олон улсын хэмжээнд өндөр үнэлэгдсэн дурсгалын зоосууд бүтээсэн билээ.

Монгол Улсын дурсгалын зооснууд олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, уралдаанаас удаа дараа шагнал хүртэж, үндэсний түүх, соёлын өвийг дэлхийд сурталчилсан бүтээл болж байв. Тухайлбал,

“Нохой зээх” дурсгалын зоос 2009 онд Берлин хотноо болсон олон улсын үзэсгэлэнгээс “Шилдэг зоос”, “Шар шувуу” дурсгалын зоос 2013 онд мөн тус үзэсгэлэнгээс “Хамгийн алдартай зоос” шагнал хүртсэн. 

“Nimravidae” дурсгалын зоос 2023 онд “Best Paleo Coin Award” буюу “Шилдэг эртний амьтны сэдэвт зоос” шагналыг хүртэж байв.