Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ Украинд агаарын довтолгооноос хамгаалах системд ашигладаг пуужин сөнөөгч пуужингуудыг сар бүр нийлүүлэхээр тохиролцсон гэж мэдэгджээ. Тэр энэ талаар Сербийн Ерөнхийлөгч Александар Вучичтай хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан байна.

Тэрбээр “Пуужин сөнөөгч болон пуужингийн системтэй үйлдвэрлэгч талаас нь авч үзвэл хамгийн түрүүнд АНУ байна. Тэд бидэнд тусалж чадах уу? Бид ажиллаж байна. Тэд сар бүр бидэнд пуужин нийлүүлэх үү? Тийм. Бидэнд ийм тохиролцоо бий” гэж хэлжээ.

Гэхдээ Зеленский нийлүүлэх пуужингийн тоо хэмжээ хангалтгүй байх болно гэж нэмж хэлсэн бөгөөд яг хэдэн пуужин нийлүүлэх талаар тодорхой хэлээгүй байна. Мөн энэ тохиролцоог хэзээ хийсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Зеленскийн мэдэгдлийг АНУ-ын Patriot агаарын довтолгооноос хамгаалах системд ашигладаг пуужингуудыг нийлүүлэх тухай гэж тайлбарласан байна. Зеленский өмнө нь Украин Patriot системийн пуужингийн хомсдолтой байгаа талаар олон удаа ярьж байсан. Гэхдээ энэ удаагийн мэдэгдэлдээ тэр яг Patriot-ийн пуужин гэж шууд нэрлээгүй байна.

Трамп: Бидэнд ч бас пуужин хэрэгтэй

Үүнээс хэдхэн хоногийн өмнө буюу наймдугаар сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас Украинд Patriot системийн нэмэлт пуужин болон алсын тусгалын пуужин өгөх эсэх талаар сэтгүүлч асуужээ.

Трамп “Бидэнд ч өөрсдөд маань пуужин хэрэгтэй” гэж хариулсан байна. Тэр мөн өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааг Украинд цэргийн тусламж үзүүлэх явцдаа АНУ-ын зэвсгийн нөөцийг их хэмжээгээр шавхсан гэж буруутгажээ.

Трампын хэлснээр, Байдены засаг захиргаа Украинд 300 тэрбум долларын үнэ бүхий зэвсэг, сум хэрэгсэл өгсөн бөгөөд одоо АНУ өөрийн нөөцийг дахин бүрдүүлж байгаа аж.

 

Эх сурвалж: DW