ОХУ-ын цэргүүд наймдугаар сарын 8-ны бямба гарагт шилжих шөнө Киев хот болон Киев мужид ээлжит хосолсон цохилт өгчээ. Украины Ерөнхий прокурорын газрын хэвлэлийн алба Киев мужийн Броварын дүүрэг дэх объектууд дронуудын халдлагад өртсөн талаар мэдээлэв.

Москвагийн цагаар 00:40 орчимд Пуховка тосгонд таван нисгэгчгүй онгоц (БПЛА) хувийн байшинг оножээ. Үүний улмаас 3 настай хүү, түүний эмээ, өвөө амиа алдсан байна.

Хүүхдийн эцэг, эх хэлтэрхийд оногдон шархдаж, түлэгдсэн бол 15 настай ах нь түлэгдэлтийн улмаас эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Мөн Ерөнхий прокурорын газар халдлагын дараа гэр бүлд туслахаар очсон 21 настай хөрш гэмтэж бэртсэн талаар мэдээлжээ.

Киев хотод дахин баллистик пуужингаар цохилт өгч, хоёр дүүрэгт гал гарчээ

Киев хотод шөнийн турш хэд хэдэн удаа дэлбэрэлтийн чимээ сонсогдож, ОХУ-ын цэргүүд Украины нийслэлд дахин баллистик пуужингаар халдсан талаар “Укринформ” агентлаг мэдээлжээ.

Үүний зэрэгцээ Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчин Telegram сувгаараа дамжуулан хойд зүгээс баллистик зэвсэг хэрэглэх аюул тулгарсан талаар анхааруулсан байна. Үүнээс өмнө шөнийн цагаар Киев хот болон мужид нисгэгчгүй онгоцны халдлагын аюулын улмаас агаарын түгшүүр зарлажээ.

Мэдээлэл нийтлэгдэх үед халдлагын улмаас учирсан хохирлын талаар бүрэн мэдээлэл хараахан гараагүй байсан аж.

Киев хотын дарга Виталий Кличко “Урьдчилсан мэдээллээр, Холосеевский дүүрэгт хүн амьдардаггүй барилга байгууламжийн бүсэд гал гарсан байна. Мөн Оболонский дүүргээс шатахууны савууд шатсан тухай мэдээлэл ирсэн. Онцгой байдлын алба хаагчид хэргийн газарт очиж байна” гэж мэдээлжээ.

Хожим нь Кличко халдлагын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдний гуравт эмч нар амбулаториор эмнэлгийн тусламж үзүүлсэн бол нэгд нь хэргийн газар дээр тусламж үзүүлсэн гэж тодруулсан байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Telegram сувгаараа "Киев хотын иргэний дэд бүтцэд зургаан баллистик пуужингаар цохилт өглөө. Уг халдлагын улмаас нэг хүн амиа алдсан" гэж мэдээлжээ.

Эх сурвалж: DW