ОХУ ойрын хэдэн жилд НАТО-гийн нэг гишүүн орон руу хязгаарлагдмал хэмжээний халдлага хийж, тус эвслийн нэгдмэл байдлыг сорих оролдлого хийж магадгүй гэж The Wall Street Journal сонин наймдугаар сарын 6-ны пүрэв гарагт мэдээлжээ. Тус сонин шинэ мэдээлэл, тайлангуудыг иш татсан байна.

Америкийн тагнуулын байгууллагуудын дүгнэлтээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин янз бүрийн хувилбар ашиглаж болох бөгөөд үүнд кибер халдлагаас эхлээд бага хэмжээний хуурай замын цэргийн довтолгоо хүртэл багтах аж.

Америкийн талын үзэж байгаагаар, түүний зорилго нь НАТО-гийн эв нэгдлийг хагалан бутаргах байж болох агаад ОХУ-ын ийм үйлдэл энэ намраас 2029 он хүртэлх хугацаанд гарч болзошгүй гэж үзжээ.

Хязгаарлагдмал хэмжээний хуурай замын довтолгоо хийх магадлал бага гэж үнэлж байна

Америкийн албаны хүмүүсийн хэлснээр, нөхцөл байдлын талаарх үнэлгээ энэ оны эхээр өөрчлөгдсөн байна. Учир нь, өмнө нь Украины дайн үргэлжилж буй үед Путин НАТО-г өдөөн хатгах алхам хийхгүй гэж үзэж байжээ. Гэвч Америкийн тал Оросын төрийн тэргүүн фронт болон дотоодод өсөн нэмэгдэж буй дарамтаас шалтгаалан хүнд байдалд орсон гэж үзэж буй юм байна.

АНУ болон Европын удирдагчид ОХУ “туршилтын” шинжтэй халдлага явуулж байгааг илтгэх шинж тэмдгүүдийг улам олон анзаарч буй аж. Тухайлбал, Оросын далавчит пуужин Польшийн нутаг дэвсгэрт унасан, мөн нисгэгчгүй онгоцууд Румыны агаарын орон зайд нэвтэрсэн зэрэг тохиолдлыг дурджээ.

Хамгийн ноцтой хувилбар болох хязгаарлагдмал хэмжээний хуурай замын цэргийн довтолгоо хийх магадлал одоогийн байдлаар бага гэж үнэлж буй ч цаг хугацаа өнгөрөх тусам энэ магадлал нэмэгдэж байна гэж үзэж байгаа аж.

Ийм алхамыг урьд өмнө маш бага магадлалтай гэж үздэг байсан. Учир нь, энэ нь Умард Атлантын гэрээний 5-р зүйл хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, НАТО-гийн гишүүн орнуудыг хамтын батлан хамгаалалтад оролцох үүрэгтэй болгох байв. Гэхдээ тус гэрээний 5-р зүйл нь кибер аюул заналхийлэл болон эрлийз халдлагын үед НАТО ямар хариу арга хэмжээ авахыг тийм ч тодорхой заагаагүй байна.

Эх сурвалж: DW, WSJ