БНСУ болон БНАСАУ-д үргэлжилж буй түүхэн халуун давлагааны үеэр Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд иргэддээ халууныг даван туулахын тулд нохойн махтай шөл болон хүн орхоодойтой тахианы шөл хэрэглэхийг зөвлөсөн талаар Reuters агентлаг мэдээлэв.
Хойд Солонгосын төрийн телевизийн мэдээлснээр, тус улсад агаарын температур 36.7 хэмд хүрсэн нь цаг уурын бүртгэл эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Төрийн хэвлэлүүд энэ үеийг Солонгосын уламжлалт "самбок" буюу жилийн хамгийн халуун өдрүүд хэмээн нэрлэж, нохойн махтай шөл нь хүний биеийн тэнхээг сэргээж, халууныг давахад тустай гэсэн уламжлалт ойлголт бийг онцолжээ.
Хөдөлмөрийн намын төв хэвлэл болох "Rodong Sinmun" сонин Пёньяны Нэгдсэн эмнэлгийн эмчийн зөвлөгөөг иш татан, тарвас, өргөст хэмх, ногоон буурцаг зэрэг сэрүүцүүлэх хүнснээс гадна нохойн махтай шөл, загасны зутан, улаан шошны зутанг шим тэжээлтэй хоол хүнс хэмээн зөвлөсөн байна.
Мөн тус сонин нохойн махтай шөлийг зуны уламжлалт хоол хэмээн онцолж, "Зуны халуунд нохойн махтай шөл хөл дээр асгарсан ч эм болдог" гэх эртний хэлцийг хүртэл нийтэлжээ. Түүнчлэн энэ онд улсын хэмжээнд нохойн махтай хоол хийх уралдаан зохион байгуулсан талаар мэдээлсэн байна.
Үүний зэрэгцээ Хойд Солонгосын төрийн мэдээллийн KCNA агентлаг хүн орхоодой, наалдамхай будаа, улаан чавгаар хийдэг уламжлалт самгетан тахианы шөлийг мөн халуунд тустай хоол хэмээн сурталчилжээ.
Ким Жөн Уныг халуунд иргэдтэйгээ хамт зүтгэж буйгаар сурталчилжээ
Эрүүл мэндийн зөвлөгөөний зэрэгцээ төрийн хэвлэлүүд удирдагч Ким Жон Ун халуун цаг агаарт ч иргэдийнхээ төлөө ажиллаж буйг онцолсон суртал ухуулгын нийтлэлүүдийг цувралаар нийтэлсэн байна.
"Rodong Sinmun" сонин түүнийг 2013 онд барилгын талбайд ажиллах үеэр хувцас нь хөлсөндөө норсон тухай, мөн 2018 онд халуун болон аадар бороотой нөхцөлд амралтын газрын байршил сонгохоор уулын бүсэд ажиллаж байсан тухай өмнөх үйл явдлуудыг эргэн сануулжээ.
Гэвч Ким Жон Ун одоогийн халуун давлагааны үеэр ямар ажил хийж байгаа талаар төрийн хэвлэлүүд тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Мөн төрийн телевизээр Вонсан-Калмагийн далайн эргийн аялал жуулчлалын бүс, Пёньяны усан паркуудад халуунаас сэрүүцэхээр зорьсон иргэд олноор цугларч буй дүрсийг үзүүлжээ.
Эх сурвалж: REUTERS