Европын хэд хэдэн улс Украинд Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужин саатуулагч нийлүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан талаар "The Washington Post" мэдээлжээ.

Тус сонины эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа 2026 онд Европын зарим оронд хандан Украинд Patriot системийн пуужин нийлүүлэхийг хүссэн боловч эдгээр улс өөрсдийн агаарын хамгаалалтын нөөц багасах эрсдэлтэй гэж үзэн татгалзсан байна.

Украины албан тушаалтны хэлснээр, одоогийн байдлаар тус улсад шаардлагатай тооны пуужин саатуулагч байхгүй байгаа бөгөөд ойрын саруудад их хэмжээгээр нэмж авах боломж хязгаарлагдмал байгаа аж.

Украины албан тушаалтан WP-д “Одоогийн байдлаар саатуулагч пуужин хангалтгүй байна. Ойрын хэдэн сард их хэмжээгээр олдоно гэдэгт би итгэхгүй байна” хэмээн ярьжээ.

Тус сонинд мэдээлснээр, наймдугаар сарын 5-нд Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин Киевийн чиглэлд харвасан пуужингийн аль нэгийг ч амдан устгаж чадаагүй тохиолдол гарсан аж. Үүний дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский агаарын хамгаалах чадвар суларсан нь голчлон пуужин саатуулагчийн хомсдолтой холбоотой гэж мэдэгджээ.

Украин улс барууны орнуудаас агаарын хамгаалалтын систем болон тэдгээрт зориулсан пуужин саатуулагчийг тогтмол хүссээр байгаа юм.

Саяхан Зеленский Axios-д өгсөн ярилцлагадаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас өвлийн улирал эхлэхээс өмнө Украинд Patriot системийн 300 пуужин саатуулагч нийлүүлэх хүсэлт тавьсан тухай ярьжээ.

Харин Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө АНУ өөрөө ч ийм төрлийн пуужингийн нөөц шаардлагатай байна гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр өмнө нь АНУ Украинд их хэмжээний зэвсгийн тусламж үзүүлсэн бөгөөд одоо өөрийн зэвсгийн нөөцийг нөхөх шаардлагатай байгааг онцолжээ.

Эх сурвалж: The WASHINGTON POST, AXOIS