Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр хуралдаж буй аж. Тус штабын өчигдөр /2026.08.06/-ийн хурал дээр холбогдох газрууд ажлын үр дүнгээ танилцуулж, үүрэг чиглэл өгчээ.

  • 2026.08.05-ны өдөр ШТС-уудаас АИ-92 автобензин авсан иргэдийн 14 хувь буюу 7000 гаруй нь тухайн өдрөө дахин оочирлосон байна.
  • Автомашины тэгш, сондгой дугаараар АИ-92 автобензин олгох шийдвэр хэрэгжүүлснээс хойш сүүлийн хоёр хоног автомашины дараалал 2 дахин буурчээ.
  • Шатахуун түгээх станцуудаар дизель түлш хэвийн олгогдож байгаа бол АИ-92 автобензинийг хяналттай борлуулж байгаа аж.
  • Шуурхай штабын шийдвэрээр 50,000 төгрөгийн хязгаарлалттай олгож буй буй 100 ШТС байгаа бол уг зохицуулалтыг мөрдөөгүй долоон ШТС лимитгүй АИ-92 автобензин олгосон болохыг АМГТГ-аас мэдээлсэн байна. Эдгээр ШТС-уудад торгууль ногдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг сануулжээ.
  • Шатахуун импортлогч ААН-үүд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, төр засагтайгаа хамтран ажиллахыг сануулсан байна. ШТС-уудын дотоод хяналт, зохион байгуулалтыг сайжруулж нэг хошуугаар бус бүх хошуугаар автобензин олгож богино хугацаанд оочир бууруулахыг үүрэг болгожээ.
  • Монополын эсрэг газар асуудлаас зугтаалгүй шатахуун дамлан зарж буй асуудалд хяналт тавьж, гарсан зөрчилд цагдаагийн байгууллагатай хамтран торгууль ногдуулах үүрэг чиглэл өгсөн аж.
  • Сүүлийн хоёр хоногт 106 вагон буюу 6,360 тонн АИ-92 автобензин импортоор орж иржээ. ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс нэмж 33 вагон буюу 1980 тонн ирэх төлөвлөгөөтэй ажиллаж буй юм байна.
  • Газрын тосны бүтээгдэхүүний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд Гадаад харилцааны яамыг анхаарал хандуулж, эрчимтэй ажиллахыг үүрэг болгожээ.
  • Бүх төрлийн шатахууны импортод ГХЯ, ЗТЯ, БХЯ хамтран ажиллаж, шуурхай тээвэрлэх, БНСУ болон БНХАУ-аас импортлох шатахууны тээвэрлэлтийг БХЯ-ны дэмжлэгээр хийх үүрэг чиглэл өгсөн байна.