АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүсэлтэд хариу өгч, "АНУ-д өөрт ч эдгээр зэвсгийн нөөц хэрэгцээтэй байна" гэж мэдэгджээ.

Трамп Цагаан ордны Зууван танхимд сэтгүүлчдэд ярихдаа "Өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украинд их хэмжээний зэвсэг, сум хэрэгсэл нийлүүлсэн" гэж шүүмжилжээ.

Тэр “Бид Украинд асар их хэмжээний сум хэрэгсэл өгсөн. Байдены хүмүүс үүнийг хийсэн бөгөөд бүр үнэ төлбөргүй өгсөн. Бидэнд ч өөрсдөд маань пуужин хэрэгтэй байна” хэмээн хэлсэн байна.

Тэрбээр мөн АНУ зэвсгийн нөөцөө нөхөх шаардлагатай байгаа бөгөөд эдгээр нөөц нь Вашингтонд бусад нөхцөл байдалд хэрэг болж болзошгүйг онцолжээ.

Владимир Зеленский и президент США Дональд Трамп - РИА Новости, 1920, 07.08.2026

Украины тал ОХУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалахын тулд "Raytheon"-ийн үйлдвэрлэдэг MIM-104 Patriot зэрэг агаарын довтолгооноос хамгаалах системийн саатуулагч пуужингийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүсэлт тавьсан.

Өнгөрсөн сарын сүүлээр болсон АНУ-Украины дээд хэмжээний уулзалтын дараа Зеленский АНУ Украинд Patriot системийн пуужин саатуулагчийг үйлдвэрлэх лиценз олгохыг зөвшөөрсөн гэж мэдэгдсэн билээ.

Дараа нь АНУ-ын тал үйлдвэрлэлийг Европын холбоотон орнуудад, тухайлбал Польшид явуулах хувилбарыг илүү аюулгүй гэж үзэж буй тухай мэдээлэл гарсан байна.

Мөн хэвлэлүүдийн мэдээлснээр, АНУ Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний үеэр Patriot системийн пуужингийн нөөцөөс их хэмжээгээр ашигласан тул дотоодын хэрэгцээгээ нэн тэргүүнд тавьж байгаа аж.

АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Шон Парнелл тус улсын зэвсгийн нөөц үндэсний ашиг сонирхлоо хамгаалахад хангалттай гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI, WHITE HOUSE