Цагаан ордны ажлын албаны дэд дарга Стивен Миллер "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүүхдээ Америкийн иргэн болгох зорилгоор тус улсад ирж хүүхэд төрүүлэх буюу “төрөлтийн аялал жуулчлал” (birth tourism)-ыг хязгаарлах тухай зарлигт гарын үсэг зурлаа" гэж мэдээлжээ.

Энэхүү шийдвэр нь АНУ-д төрсөн хүүхдэд автоматаар иргэншил олгох асуудалд шинэ хязгаарлалт тогтоох зорилготой бөгөөд тодорхой нөхцөлд байгаа гадаадын иргэд Америкийн иргэншил авах боломжийг хязгаарлахаар болж байгаа аж.

Шинэ журамд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзсэн гадаадын иргэд, гадаадын террорист байгууллагатай холбоотой хүмүүс, мөн бусад улсын ашиг сонирхлыг хамгаалж буй этгээдүүдийг хамруулах талаар дурджээ.

Стивен Миллер уг шийдвэрийг “түүхэн алхам” хэмээн тодорхойлж, "АНУ-ын иргэншлийг хангалттай үндэслэлгүйгээр авах боломжийг зогсоох зорилготой" гэж тайлбарласан байна.

Өмнө нь АНУ-д төрсөн хүүхэд тус улсын нутаг дэвсгэр дээр төрсөн гэдэг үндэслэлээр иргэншил авах боломжтой байсан. Энэ тогтолцоог ашиглан зарим гадаадын иргэд хүүхдээ Америкийн иргэн болгох зорилгоор богино хугацаагаар тус улсад зорчих тохиолдол гардаг байсан аж.

Үүнээс гадна АНУ сүүлийн үед виз болон цагаачлалын бодлогодоо хэд хэдэн өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, зарим ангиллын виз мэдүүлэгчдээс өндөр хэмжээний санхүүгийн баталгаа шаардах, аялал жуулчлал болон бизнесийн зарим төрлийн визний нөхцөлийг чангатгах, мөн зарим улсын иргэдэд цагаачлалын виз олголтыг түр хугацаанд хязгаарлах зэрэг арга хэмжээнүүд авч хэрэгжүүлжээ.

Ажиглагчид "Шинэ бодлого нь АНУ-ын цагаачлалын тогтолцоог илүү хатуу болгох чиглэлд хийж буй томоохон алхам" гэж үзэж байна.

Эх сурвалж: REUTERS, KAZINFORM