Украины зүүн өмнөд хэсгийн Запорожье хотод Катерина Лагутагийн далайн бүтээгдэхүүний бизнес өнгөрсөн сард Оросын хоёр бөмбөгт өртөж сүйдсэнээр 41 настай бизнес эрхлэгч эмэгтэйн аюулгүй гэсэн сүүлчийн мэдрэмж ч үгүй болжээ.

Орос улс 2022 онд Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойших эхний хэдэн долоо хоногоос эхлэн Москвагийн цэргүүд Запорожье хотын өмнөд хэсэгт байр сууриа бэхжүүлсэн байна. Ойролцоогоор 700 мянган хүн амтай, Украины үйлдвэрлэлийн чухал төв болсон энэ хотод тэд пуужин болон дроноор тогтмол цохилт өгч иржээ.

Оросын цохилтын шинэ давлагаа оршин суугчдын амьдралыг улам аюултай болгож байгаа аж. Энэ нь фронтын шугам дээр бага ахиц гаргаж байгаа Орос улс Украины хотуудын эсрэг явуулж буй агаарын довтолгоогоо эрчимжүүлж байгаатай холбоотой гэжээ.

Лагута “Зургаан сарын өмнө ч мэдээж аймшигтай байсан, цохилтууд ч өгсөөр б айсан. Гэхдээ одоогийнх шиг байгаагүй. Одоо бол зүгээр л ‘сафари’ болсон” гэж хэлсэн байна. Украинчууд “сафари” гэдэг нэр томьёог гудамжинд байгаа энгийн иргэд болон тээврийн хэрэгслийг дронууд “ангуучилж” байгаа мэт халдлагыг дүрслэхэд хэрэглэж эхэлжээ.

Энэ байдлыг тод харуулсан нэгэн бичлэгийг Украин энэ долоо хоногт нийтэлсэнаж. Уг бичлэгт Украины өмнөд хэсгийн Херсон хотод дрон хүнсний ногоо зарж байсан худалдаачныг мөрдөн хөөж, шархдуулж байгаа дүрс гарсан байна.

Reuters-ийн сурвалжлагчид Лагутагийн бизнесийн газарт очих үеэр FPV дроны (дроны камерын дүрсээр шууд удирддаг, жижиг, хурдан хөдөлгөөнтэй, тэсрэх бодис тээвэрлэх боломжтой дрон) исгэрэх чимээ сонсогдож, хоргодох газар хайхаас өөр аргагүй болжээ. Ийм төрлийн дронууд Украины фронтын бүсийг “үхлийн бүс” болгож байгаа аж.

Довтолгооны зорилго олон нийтийг айдаст автуулах уу? 

Орос улс 2022 онд эхэлсэн бүрэн хэмжээний дайны үеэр энгийн иргэдийг онилдог гэсэн мэдэгдлийг үгүйсгэсээр ирсэн. Гэвч Лагута өөрийн шатаж сүйдсэн боловсруулах үйлдвэрийн үлдэгдэл дунд зогсон “Оросын халдлагууд үйлчлүүлэгчдийг холдуулж, урт хугацааны төлөвлөгөө гаргах боломжгүй болголоо. Цэргүүдийн хэрэгцээнээс болж ажиллах хүч ч ховордсон” гэж ярьжээ. Тэр “Өдөр бүр ямар нэгэн тулаан шиг өнгөрч байна” гэж хэлсэн байна.

Украины албан тушаалтнуудын хэлснээр, Орос улс хот даяар цохилтоо олшруулж, зөвхөн дэд бүтцийг сүйтгэхээс гадна иргэдийн дунд айдас бий болгохыг зорьж байгаа аж.

Орос улс анх удаа FPV дронуудыг өргөн ашиглаж буй, мөн илүү хүчтэй сүйтгэх чадвартай агаараас хаядаг удирдлагатай бөмбөгүүдийг тогтмол ашиглаж эхэлсэн байна.

Запорожье нь Орос өөрийн мэдэлд авсан гэж зарласан Украины дөрвөн бүсийн нэгийн төв хот юм. Гэхдээ Орос энэ бүс нутгийн зөвхөн ойролцоогоор дөрөвний гурвыг хянадаг аж. Хотын өмнөд хэсэг рүү чиглэсэн нарийн коридорт Оросын хуурай замын цэргүүд сүүлийн саруудад Украины хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, урагшилж чадаагүй байна.

In Ukraine's Zaporizhzhia, Russia steps up attacks on civilians

Запорожье мужийн захирагч Иван Федоров "Тэр бүсээс Оросын FPV дронууд энгийн иргэдийн бүлэг, автомашин, нийтийн тээврийн хэрэгслүүдийг онилж байна" гэж мэдэгджээ. Тэр “Дайсан энгийн иргэдэд хамгийн их дарамт үзүүлэхийг тэргүүлэх зорилго болгож байна” гэж газар доорх бөмбөгнөөс хамгаалах зориулалттай сургуулийн үеэр өгсөн ярилцлагадаа хэлжээ.

FPV дронуудын тусгалын зайг нэмэгдүүлж, Лагутагийн бизнесийг сүйтгэсэн шиг агаарын бөмбөгүүдийг илүү дэвшилтэт агаарын довтолгооноос хамгаалах системгүйгээр зогсоох боломжгүй аж. ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ асуудлаар тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.

НҮБ-ын мэдээллээр, бараг дөрвөн жил хагасын дайны хугацаанд 16 мянга гаруй энгийн иргэн амь үрэгдсэн бөгөөд тэдний дийлэнх нь украинчууд байгаа аж

Запорожьегийн автобусуудыг алуурч дронууд онилж байна

Запорожье хотын төв хэсэгт кафе, ажилдаа явж буй хүмүүсийн урсгал, хэвийн амьдрал үргэлжилж буй мэт харагдуулдаг. Гэвч агаарын түгшүүрийн дохио байнга дуугардаг бөгөөд баасан гаргийн орой ч хот нам гүм, дарамттай уур амьсгалтай байдаг болжээ.

Мотор Сич хэмээх том хөдөлгүүр үйлдвэрлэгч үйлдвэрийн орчимд олон оффис, орон сууцны барилга давтан бөмбөгдөлтийн ул мөртэй болсон аж. Хотын өмнөд хэсгийн Космос дүүрэгт FPV дроноос хамгаалах зорилгоор зам дээгүүр хамгаалалтын тор татаж эхэлсэн байна. Учир нь, сүүлийн үед ийм дронууд машины салхины шил, дээвэр рүү цохилт өгч байгаа аж.

Космос чиглэлд ажилладаг хоёр автобусны жолоочийн хэлснээр, халдлага нэмэгдсэн нь жолооч болон зорчигчдыг айдаст автуулсан байна. Нэг жолооч “Дроны тор том хэмжээний зэвсгээс хамгаалж чадахгүй” гэж хэлжээ. Федоровын мэдээлснээр, Украины агаарын хамгаалалт дайсны FPV дронуудын 95 гаруй хувийг зогсоож байгаа аж.

Гэхдээ хамгийн хүнд өдрүүдэд (сард хэд хэдэн удаа тохиолддог) нэвтэрч чадсан хэдхэн дрон ч 10 хүртэл хүнийг шархдуулах, эд хөрөнгө сүйтгэх хохирол учруулж чаддаг байна. Хотын тээврийн байгууллага автобусны жолооч нарт дрон илрүүлэгч өгөх, хагаралд тэсвэртэй шил турших ажил хийж байгаа аж.

Энэ онд хотын 12 автобус, трамвай FPV дрон болон том хэмжээний бөмбөгний дэлбэрэлтээс болж гэмтсэн ч үйлчилгээг зогсоох төлөвлөгөө байхгүй юм байна. 34 настай оёдолчин Аня Сыова өнгөрсөн сард гэр рүүгээ харих замдаа ойролцоох автобусыг FPV дрон мөргөхийг харжээ. Тэр “Магадгүй надад хамгаалдаг сахиусан тэнгэр байдаг байх” гэж инээмсэглэн хэлсэн байна.

Иргэд аюултай амьдралд дасаж байна

Сыова 6 настай охиноо газар доорх цэцэрлэгт явуулдаг. Тэр “Аймшигтай сонсогдож байгаа ч бид ийм амьдралд дасчихсан. Харамсалтай нь, одоохондоо өөр сонголт алга” гэж ярьжээ. Украины зүүн хойд хэсгийн Харьков зэрэг фронтын бусад хотуудад ч ижил нөхцөл байдал ажиглагдаж байгаа аж.

Харьков хотын дарга Игорь Терехов “FPV дроны халдлага бол айдас төрүүлэх гол хэрэгслүүдийн нэг болсон” гэж хэлжээ. Түүний мэдээлснээр, өнгөрсөн сард 45 удаагийн ийм халдлага бүртгэгдсэн байна. Федоровын хэлснээр, Орос улс Запорожье хот руу өдөрт 4-6 удаа удирдлагатай бөмбөгөөр цохилт өгч буй бөгөөд энэ нь замаа урьдчилан таамаглахад хэцүү байдаг аж.

Нэгэн өдөр Орос 1 цаг 30 минутын дотор орон сууцны бүсэд 8 бөмбөг хаясны улмаас 1 хүн амь үрэгдэж,
31 хүн шархадсан гэж Украины телевизэд мэдээлжээ. Сүүлийн үеийн халдлагууд ихэвчлэн үдийн үеэр, оройн цагаар болох болсон тул иргэдийн хувьд шинэ аймшиг хэвшил болжээ.

38 настай төрийн албан хаагч Татьяна “Өнгөрсөн сард Оросын хүчнүүд галзуурсан мэт болж, манай хорооллыг нэг долоо хоногт зургаан удаа бөмбөгдсөн” гэж ярьжээ. Тэр явах уу, үлдэх үү гэдэг дээр эргэлзэж байгаа аж. Учир нь, хүмүүсийн амьдрал түүний хийдэг ажлаас хамаардаг байна. Тэр шатсан автомашинуудын үлдэгдэл рүү харан “Үнэнийг хэлэхэд би хэдийнэ бүрэн хоосорчихсон. Ямар ч мэдрэмж алга” гэж хэлжээ.

Эх сурвалж: REUTERS