Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор зохион байгуулж буй бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээ эхэлж, 70 гаруй байгууллага, хамт олон, гэр бүл оролцож, мод тарилаа.

НИТХ-ын дарга Д.Ихбаяр арга хэмжээг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 онд НҮБ-ын индэр дээрээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхий нийтэд зарлаж, улс орон даяар хэрэгжүүлж эхэлснийг онцлов.

Мөн "Хавар, намрын мод тарих өдрүүдийг тогтмол зохион байгуулснаар иргэдийн экологийн боловсрол, оролцоо нэмэгдэж байна. Энэ жилийн тухайд нийслэл хотод төвлөрсөн Улаанчулуут, Нарангийн энгэр, Цагаандавааны хогийн цэгт мод тарина" гээд, нас биед хүрсэн нэг мод дунджаар 194 сая төгрөгийн экологийн болон нийгмийн үр өгөөжтэйг санаж иргэн бүр мод тарихыг уриаллаа.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мэдээлснээр, энэ удаагийн бүх нийтийн мод тарих арга хэмжээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд өргөнөөр оролцож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд хувь нэмрээ оруулж 10 мянган мод тарих юм байна.