АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн өдрүүдэд АНУ-ын пуужин, сум хэрэгслийн нөөц багассан тухай мэдээлэл олон нийтэд түгсэнд дургүйцэж, энэ нь Ирантай хийх хэлэлцээний үеэр АНУ-ыг сул харагдуулж байна гэж үзэж байгаа талаар АНУ-ын албан тушаалтнууд мэдээлжээ.
Трамп Ираныг хэлэлцээрт оруулахын тулд цэргийн дарамт үзүүлэх, шаардлагатай бол дахин цохилт өгөх талаар анхааруулж байсан. Гэтэл АНУ-ын зарим гол зэвсгийн нөөц хомсдож байгаа тухай мэдээлэл гарсан нь түүний “хүчтэй байр суурь харуулах” зорилгод сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хурал дээр Трамп хэвлэлүүдийн мэдээлсэн зэвсгийн нөөц багассан асуудлыг хөндөж, бухимдсан байна. Гэхдээ эх сурвалжуудын хэлснээр, Трамп энэ асуудлыг хэдэн сарын өмнөөс мэдэж байсан, мэдээ гарсанд биш, харин мэдээлэл маш чухал үед олон нийтэд ил болсон явдалд уурласан аж.
Трамп өөрийн Truth Social хуудсаараа дамжуулан "АНУ асар их хэмжээний зэвсэгтэй, ялангуяа зарим төрлийн сум хэрэгсэл их бий. Мөн шинэ үйлдвэрүүд баригдаж, үйлдвэрлэл нэмэгдэж байна" гэж мэдэгдсэн байна. Гэхдээ тэр зарим төрлийн зэвсгийн нөөц “илүү хязгаарлагдмал” байгааг хүлээн зөвшөөрчээ.
Ямар зэвсгийн нөөц багассан бэ?
CNN-ийн мэдээлснээр, АНУ-ын THAAD (өндөр тусгалын пуужинг эсэргүүцэх систем)-ын нөөц дайны өмнөх түвшнээс бараг 80 хувь орчим буурсан, Patriot системийн пуужин саатуулагчийн нөөц ойролцоогоор тал хувиар багасжээ.
Эдгээр нь баллистик пуужин, дроны довтолгооноос хамгаалах хамгийн чухал системүүдийн нэг юм. Ойрхи Дорнодын холбоотнууд, Персийн булангийн орнууд мөн санаа зовж байгаа аж. Учир нь, Иран хариу цохилт өгвөл АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах систем хангалттай байх эсэх эргэлзээтэй болжээ.
Бүс нутгийн албан тушаалтнууд "Иран АНУ-д шинэ цохилт өгвөл нефтийн байгууламж, ус цэвэршүүлэх үйлдвэрүүд зэрэг стратегийн объектуудыг онилж магадгүй" гэж хэлжээ.
Хэнийг буруутгаж байна вэ?
Трамп асуудлын бурууг өмнөх засаг захиргаа, ялангуяа Украинд их хэмжээний зэвсэг илгээсэнтэй холбон тайлбарлажээ. Тэр “Украинд Байдены үед маш их хэмжээний зэвсэг өгсөн” гэж мэдэгдсэн байна.
Трамп батлан хамгаалахын компаниудын удирдлагуудтай уулзаж, АНУ-ын Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн тухай хуулийг ашиглан зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авчээ. Гэвч шинэ үйлдвэр барих, үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөх нь хэдэн жил шаардах тул ойрын хугацаанд нөөцийг шууд нэмэгдүүлэх боломжгүй гэж үзэж буй юм байна.
Эх сурвалж: CNN