ОХУ-ын Зэвсэгт хүчин наймдугаар сарын 6-ны пүрэв гаргийн шөнө болон өглөө Украины нутаг дэвсгэрт дахин өргөн хүрээг хамарсан цохилт өгчээ. 

Харьков мужийн Балаклея хотын цэргийн захиргааны дарга Виталий Карабанов "Оросын Зэвсэгт хүчин Харьков мужийн Балаклея хот руу довтолсны улмаас гурван хүн амиа алдсан" гэж мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, нэг цохилт хувийн орон сууцанд тусаж, улмаар нэг эмэгтэй амиа алджээ. Одоогийн байдлаар тухайн газарт гал гарсан бөгөөд аврагчид нурангийг цэвэрлэх, эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж. Мөн өөр нэг цохилтын улмаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн амь үрэгдсэн байна.

Лозовая дахь төмөр замын өртөөнд дроноор цохилт өгчээ

Харьков мужийн цэргийн захиргааны дарга Олег Синегубов "ОХУ-ын Зэвсэгт хүчин мөн Лозовая хотын төмөр замын өртөө рүү нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр довтолсон. Үүний улмаас хүний амь нас хохирч, олон хүн шархадсан, заримынх нь биеийн байдал хүнд байна" гэж мэдээлжээ.

Тэрбээр Telegram сувгаараа “Одоогийн байдлаар хоёр эрэгтэй хүн амиа алдсан нь тодорхой болоод байна. Найман хүн шархадсанаас тав нь эрэгтэй, гурав нь эмэгтэй байна. Тэдний дунд хүнд шархадсан хүмүүс бий” гэж бичсэн байна.

ОХУ Сумы, Одесса орчим болон Запорожье хотод цохилт өгчээ

Оросын Зэвсэгт х үчин Сумы хотын иргэний дэд бүтцэд удирдлагатай агаарын бөмбөг ашиглан дөрвөн удаа цохилт өгсний улмаас 12 хүн шархадсан байна. Энэ талаар тус мужийн цэргийн захиргааны дарга Олег Григоров мэдээлжээ.

Түүний хэлснээр, цохилтын голомтын ойролцоох олон давхар орон сууцууд, орон сууцны бус барилга байгууламж, дэд бүтцийн объектууд гэмтэж, мөн хэдэн зуун цонх хагарсан байна.

Үүнээс гадна Одесса мужийн цэргийн захиргааны дарга Олег Кипер "Наймдугаар сарын 5-ны орой Оросын Зэвсэгт хүчний Одесса мужийн дүүрэгт хийсэн довтолгооны үеэр долоон орон сууц, хэд хэдэн автомашин эвдэрч, нэг хүн шархадсан" гэж мэдээлжээ.

Запорожье хотод урьдчилсан мэдээллээр, дөрвөн хүн шархадсан байна. Украины Онцгой байдлын албанаас “Есөн давхар орон сууцны дээвэр хэсэгчлэн нурж, дэлбэрэлтийн долгионы улмаас ойролцоох барилгууд эвдэрсэн” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: DW