Дональд Трамп болон Барак Обама нарын хооронд үргэлжилж буй үг хэлний зөрчил, “дайны” шинжтэй харилцаа Обама албан тушаалаа орхисноос хойш есөн жилийн дараа ч намжаагүй хэвээр байгаа ажээ.
Ерөнхийлөгчийн албан тушаал дэлхийн хамгийн өндөр дарамттай, хамгийн их хариуцлагатай ажлын нэг. Америкийн нийт иргэдийн итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг мөрөн дээрээ үүрдэг учраас ганц буруу шийдвэр нь л гэхэд сая сая хүний амьдралд нөлөөлөх боломжтой.
Гэвч уг албан тушаалаас буусны дараа ч энэ дарамт, олон нийтийн шахалт бүрэн арилдаггүй бололтой.
АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама албан тушаалаа өгснөөс хойш 10 гаруй жил өнгөрсөн ч улс төрийн хамгийн нөлөө бүхий дүрүүдийн нэг хэвээр буй. Түүнийг олны анхаарлын төвд байлгаж буй гол шалтгаануудын нэг нь түүний "залгамжлагч" Дональд Трампын байнгын шүүмжлэл, хурц мэдэгдлүүд болон Truth Social платформ дээрх тогтмол нийтлэлүүд аж.
Трамп өдөр бүр шахам өмнөх ерөнхийлөгч рүү чиглэсэн шүүмжлэл, дайралт хийдэг бөгөөд Обама ч зарим тохиолдолд хариу өгдөг байна. Обама “The New Yorker” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Трампын энэ байнгын дайралт түүний гэр бүлийн амьдралд, ялангуяа эхнэр Мишель Обаматайгаа харилцахад тодорхой хэмжээгээр нөлөөлж, хурцадмал байдал үүсгэдэг талаар онцолжээ.
Тэрбээр “Энэ нь манай гэр бүлийн дотор жинхэнэ хурцадмал байдал үүсгэдэг, Мишельд ч төвөгтэй санагддаг. Харин би арай өөрөөр хүлээж авдаг. Учир нь, хүмүүс яагаад ингэж хандаж буйг ойлгодог. Тэд намайг бусад ерөнхийлөгчидтэй түүхэн харьцуулалтаар харахгүй, мөн миний албан тушаалаа өгсний дараа намынхаа гол төлөөлөгчөөр хэд хэдэн сонгуулийн мөчлөгт оролцсоныг ч тооцдоггүй” гэжээ.
Мөн Обама Мишель түүний улс төрийн идэвхтэй оролцоонд улам бүр дургүйлхэж байгаа бөгөөд гэр бүлийн хамт илүү их цагийг өнгөрөөхийг хүсдэг талаар дурдсан байна. Гэсэн ч тэрбээр улс төрийн тайзнаас бүрэн холдоогүй бөгөөд Трампыг шүүмжлэх байр сууриа үргэлжлүүлсээр байгаа аж.
Обама саяхан Ардчилсан намын Виржиниа муж дахь тойргийн хил дахин зураглах ажилд дэмжлэг үзүүлж, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд тэдний боломжийг нэмэгдүүлэх алхмыг дэмжжээ. Мөн тэрбээр хэвлэл мэдээллийнхэнтэй хэт их ойр байх өөрийг нь “улс төрийн тайлбарлагч” мэт ойлгуулах эрсдэлтэй гэж болгоомжилж буйгаа илэрхийлсэн байна.
Тэрбээр “Хэвлэл мэдээллийн орчин маш төвөгтэй болсон тул хүмүүс миний хийж буй бүх ажлыг бүрэн хардаггүй. Тэгээд намайг хараад ‘Яагаад тэр үүнийг өдөр бүр хийдэггүй юм бэ’ гэж асуудаг. Гэвч би зөвхөн тодорхой үед, жишээ нь сонгуулийн мөчлөг, эсвэл тодорхой улс төрийн кампанит ажлын хүрээнд л оролцдог” гэж хэлжээ.
Ингэснээр Трамп ба Обамагийн хоорондын үг хэлний сөргөлдөөн тэдний улс төрийн оролцоотой зэрэгцэн үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Трамп түүнийг байнга “Барак Хуссейн Обама” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ жил мөн Обамагийн гэр бүлийг доромжилсон, хиймэл оюун ухаанд суурилсан дүрс бичлэг нийтэлж, түүнийг баривчлагдаж буйгаар харуулсан видео хүртэл хуваалцсан байна.
Эх сурвалж: UNILAD, CSB NEWS