Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб хуралджээ.  

Улаанбаатар хотод энэ сарын 4-нөөс 15-ны өдрийг хүртэл тэгш, сондгой дугаарын зохицуулалтаар нэг удаа 50,000 төгрөгт автобензин олгож буй. Эхний үр дүнд, шатахуун түгээх станцуудын өдрийн борлуулалт хоёр дахин буурч нэг машиныг цэнэглэх хурд нэмэгдсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны газраас танилцуулсан байна.

Замын цагдаагийн газрын дарга, хурандаа C.Галбадрах "Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар автобензин олгох зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнөх өдрүүдтэй харьцуулахад замын хөдөлгөөн 30-40 хувиар сэргэсэн" гэж мэдээлжээ.

Нефть импортлогчдын холбооны тэргүүн Ж.Мөнхнаран "Шийдвэр хэрэгжиж эхэлснээр шатахууны оочер дараалал 30-40 хувиар буурч, нэг машины цэнэглэх хугацаа 3 дахин багасаж, хэрэглэгч 3-4 цаг дугаарладаг байсан бол нэг цаг дугаарлаад автобензин авч байна. Дуудлагын төвийн ачаалал 3 дахин буурсан" гэж мэдээлсэн байна.

ОХУ болон БНХАУ-аас импортолж буй шатахууныг шуурхай тээвэрлэж буй аж. ОХУ-ын “Роснефть” компанийн Ангарскийн боловсруулах үйлдвэрээс АИ-92 автобензиний ачилтыг тасралтгүй хийж, сүүлийн 5 хоногт 162 вагон ачжээ. Шатахууны хангамж тасралтгүй хийгдэж буй юм байна.

Улаанбаатар төмөр зам “ХНН”-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Болдбаяр "2026 оны наймдугаар сарын 1-нээс 4-ний өдрийн хооронд ОХУ-аас нийт 106 вагон АИ-92 автобензин, дизель түлш 232 вагон тээвэрлэсэн" гэж мэдээлжээ.

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, 2026 оны наймдугаар сарын 1-нээс 4-ний өдрийн байдлаар нийт 11 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна. Мөн ГЕГ Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд анхаарч ажиллаж байгаа аж.

Татварын ерөнхий газрын нэгдсэн системд 162 аж ахуйн нэгж шатахуун импортлогчоор бүртгэлтэй байгаагаас татварын өртэй 142 аж ахуйн нэгжийн дансыг битүүмжлэхгүй байхаар болжээ.

Замын-Үүдийн тээвэрлэлтэд анхаарч тусгайлан шийдвэр гаргахдаа Зам тээврийн яамтай мэдээллээ нэгтгэж шийдвэрээ танилцуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг болгосон байна.