Францын Ерөнхийлөгч асан Шарль де Голлийн ач хүү, Лев Толстойн нэрэмжит Энх тайвны шагналын шүүгчдийн зөвлөлийн дэд дарга Пьер де Голль РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа "Европын орнуудад гэр бүл, ёс суртахуун, сүнслэг үнэт зүйлс алдагдаж байгаа учраас европчуудын олонх Орос руу нүүхийг хүсэж байна" гэж мэдэгджээ.

Тэрбээр "Европт, тэр дундаа Францад Орос руу нүүхийг хүсэж буй хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж байна. Ёс суртахуун, гэр бүлийн үнэт зүйлс, сүнслэг байдал, шашин шүтлэг, мөн хүүхдээ зөв хүмүүжүүлэх эрмэлзэл зэрэг үнэт зүйлс алдагдсан учраас хүмүүс эх орондоо өөрсдийгөө харъяалагдах газаргүй мэт мэдэрч байна" гэжээ.

Пьер де Голль хүүхдийн хүмүүжил, аюулгүй байдлын талаар ярихдаа Франц дахь педофилийн асуудалд харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр "2025 онд Францад ойролцоогоор 160 мянган хүүхэд зодуулж, хүчирхийлэлд өртөж, бэлгийн хүчирхийлэл болон дарамтын хохирогч болсон. Харамсалтай нь, педофили бол нийгмийн ноцтой гамшиг болсон бөгөөд ийм эмгэнэлт хэрэг бараг долоо хоног бүр гарч байна" хэмээн ярьжээ.

Мөн түүний хэлснээр, Европын эрх баригчид ийм төрлийн ноцтой гэмт хэргүүдийг хангалттай шийдвэрлэхгүй, зарим талаар хаацайлдаг гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Францын ард түмэн төдийгүй Европын ард түмэн биднийг боомилж, зовлон учруулж буй энэ технократ тогтолцооны эсрэг нэгдэж, тэмцэх цаг нь болсон гэж би бодож байна" гэж онцолжээ.

Үүнээс өмнө Пьер де Голль "РИА Новости" агентлагт өгсөн ярилцлагадаа эхнэрийн хамт Орос улсад ойр ойрхон очдог болсон бөгөөд цаашид ОХУ-д байнга оршин суухаар төлөвлөж буйгаа мөн мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: RIA NOVOSTI