АНУ-ын "Defense Priorities" судалгааны төвийн цэргийн шинжилгээний захирал Женнифер Каванагийн үзэж буйгаар, Украин шинэ агаарын довтолгооноос хамгаалах системтэй болсон ч энэ нь ойрын хугацаанд Оросын пуужингийн довтолгооноос бүрэн хамгаалж чадахгүй ажээ.
Тэрбээр YouTube сувагт өгсөн ярилцлагадаа "Украин Patriot систем үйлдвэрлэх лиценз авсан ч богино хугацаанд үр дүн гарахгүй" гэж хэлсэн байна.
Кавана "Ийм системийг бүрэн ажиллагаанд оруулахад дор хаяж таван жил шаардлагатай. Одоогийн байдлаар Украин өөрийн Freya нэртэй агаарын довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлж байгаа ч энэ оны сүүл, эсвэл 2027 оны эхээр ашиглалтад орно гэсэн хүлээлт бодит бус санагдаж байна" хэмээн ярьжээ.
Түүний хэлснээр, Freya системийг олон улсын технологитой уялдуулан ажиллуулах шаардлагатай аж. Эдгээрийг нэгтгэх нь амаргүй тул бодитоор ашиглах хүртэл дор хаяж нэг жил, магадгүй түүнээс ч урт хугацаа шаардагдах магадлалтай юм байна.
Кавана мөн Украин өвлийн улиралд хүний нөөц болон агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн хомсдолтой тулгарч болзошгүй гэж үзжээ. Тэрбээр "Зэвсэгт хүчнийг хэн удирдах нь гол асуудал биш. Хүний нөөцийн дутагдал хэвээр үргэлжилнэ. Мөн Украинд өвөл гэхэд Patriot системийн пуужин хүрэлцэхгүй байхад Орос баллистик пуужингийн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлсэн. Эдгээр нь богино хугацаанд өөрчлөх боломжгүй хүчин зүйлүүд" гэж хэлсэн байна.
Мөн "Responsible Statecraft" хэвлэл Freya систем ойрын хугацаанд Украины агаарын довтолгооноос хамгаалах асуудлыг шийдвэрлэхгүй, гадаад технологид тулгуурлах нь тус улсын аюулгүй байдлын хувьд Европоос хараат байдлыг нэмэгдүүлж болзошгүй гэж өмнө нь мэдээлжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам "Оросын арми өндөр нарийвчлалтай зэвсэг болон дрон ашиглан Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг даван, улс даяарх цэргийн объектуудад цохилт өгөх боломжтой" гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI