АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойг удахгүй нээхгүй бол Иран “маш хүчтэй цохилт” амсана гэж мэдэгдлээ. Түүний мэдэгдлийн дараа газрын тосны үнэ буурч, сүүлийн гурван долоо хоногийн хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Трамп Калифорнид айлчлах үеэрээ Fox News-д ярилцлага өгөхдөө "АНУ, Ираны хоорондын хэлэлцээ маш сайн урагшилж байна. Иран мөргөлдөөнийг зогсоох тохиролцоонд хүрэх сонирхолтой байна" гэж мэдэгджээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Сангийн сайд Скотт Бессент нар мөн хэлэлцээ ахицтай, энэ долоо хоногийн сүүлээр Ормузын хоолойгоор дамжин тээвэр хэвийн үргэлжлэх боломжтой гэж мэдээлжээ.

Эдгээр мэдээллийн дараа дэлхийн газрын тосны жишиг үнэ болох Brent маркийн нефтийн үнэ бараг 5 хувиар буурч, баррель нь 80 ам.доллараас доошилсон байна. Мөн АНУ-ын West Texas Intermediate (WTI) маркийн нефтийн үнэ 5 хувиас илүү буурч, баррель нь 76 ам.долларт хүрчээ.

Гэсэн хэдий ч өмнөх саруудад мөргөлдөөнийг намжаах чиглэлээр хийсэн хэлэлцээнүүд амжилтгүй болсон нь газрын тосны зах зээлийг тогтворгүй байлгаж, улмаар хэрэглэгчид шатахууны өндөр үнээр хохирсон. 

Ормузын хоолойн асуудлаарх хэлэлцээ үргэлжилж байна

АНУ-ын Төв командлал (CENTCOM) “Ормузын хоолойн өмнөд чиглэл олон улсын усан замаар зорчих бүх худалдааны хөлөг онгоцонд нээлттэй хэвээр байна” гэж мэдэгдсэн байна.

Марко Рубио "Иран болон Оманы оролцоотойгоор хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцны хөдөлгөөнийг нэмэгдүүлэх талаар ахиц гарсан ч эцсийн тохиролцоонд хараахан хүрээгүй" гэж хэлжээ. Тэрбээр “Хэлэлцээнд ахиц гарсан. Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Энэ удахгүй болно гэж найдаж байна” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Скотт Бессент Ормузын хоолойг нээх тохиролцоонд мягмар эсвэл лхагва гарагт хүрэх боломжтой гэж CNBC-д ярьжээ. Гэхдээ АНУ-ын тал хэлэлцээ урагшилж байгаа талаар мэдээлсэн ч ямар нөхцөлтэй гэрээ байгуулах гэж буй талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Иран: АНУ-тай шууд хэлэлцэхгүй

Ираны тал АНУ-тай шууд хэлэлцээ хийж байгаа гэх мэдээллийг үгүйсгэж, Оман улстай зуучлалын хүрээнд ярилцаж байгаа талаар мэдэгдсэн байна.

Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Оман улстай хийж буй хэлэлцээ эерэг үр дүнтэй, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцны хөдөлгөөний шинэ зохицуулалтын талаар ярилцаж байгаа гэжээ.

Мөн Вашингтон, Тегераны хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Катар улс дипломат шийдэл олохын тулд бусад зуучлагч орнуудтай хамтран ажиллаж буй ч одоогийн байдлаар шууд хэлэлцээ төлөвлөөгүй байгаа талаар мэдэгдсэн байна.

Ормузын хоолой яагаад чухал вэ?

Ормузын хоолой нь дэлхийн газрын тос, шингэрүүлсэн хийн тээврийн хамгийн чухал гарцуудын нэг юм. Мөргөлдөөн эхлэхээс өмнө дэлхийн өдөр тутмын газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг нь энэ хоолойгоор дамждаг байжээ.

Мөргөлдөөн эхэлснээс хойш Иран тус хоолойгоор дамжин өнгөрөх хөдөлгөөнийг эрс хязгаарласан бол АНУ бүс нутаг дахь Ираны боомтуудад тэнгисийн хяналт тогтоосон байна. Үүний улмаас Саудын Арабын Улаан тэнгисийн боомтууд ч мөн Ираны холбоотон Йемений Хусит бүлэглэлийн үйл ажиллагааны улмаас эрсдэлтэй болжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, Ойрхи Дорнод дахь газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцуудад учирч буй аюул мөргөлдөөн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Газрын тосны үнийн өсөлт хэрэглэгчдэд нөлөөлж байна

Мөргөлдөөн хурцдах үед газрын тосны үнэ баррель нь 120 ам.доллараас давж байсан бол хэлэлцээ амжилттай болох найдвар төрөх бүрд үнэ буурч байв. Гэвч өндөр үнэ нь дэлхийн хэмжээнд шатахууны үнэд шууд нөлөөлсөн байна.

Их Британид бензиний үнэ мөргөлдөөн эхэлсэн үеийн түвшинд хүрч, нэг литр бензиний дундаж үнэ 1.60 фунт стерлинг болжээ. АНУ-д бензиний дундаж үнэ галлон тутамд 4 ам.доллараас давж, дизель түлшний үнэ 5.40 ам.доллар орчимд хүрсэн байна.

Газрын тосны өндөр үнэ BP, Shell, Chevron, Exxon Mobil зэрэг томоохон компаниудын ашгийг нэмэгдүүлсэн боловч шинжээчдийн үзэж буйгаар, эдгээр компаниуд геополитикийн нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай хэвээр байна.

Хөрөнгийн зах зээл өсөлттэй байв

Хэлэлцээ урагшилж, газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор АНУ-ын хөрөнгийн зах зээлүүд өсөлттэй арилжаалагдсан байна.

Гэвч шинжээчид "Хөрөнгө оруулагчид өмнөх хэлэлцээнүүд олон удаа бүтэлгүйтэж байсан туршлагаас болж болгоомжтой хэвээр байгаа бөгөөд урт хугацааны тогтвортой тохиролцоонд хүрэх эсэх нь тодорхойгүй байна" гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC